Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа

  • 2022-01-08
  • Ц.Энхжин
  • 2,364

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх, ШУА-ийн Философийн хүрээлэн, Удирдлагын академи, Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр, Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйт ёс” сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легал Дата” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, багш, магистр, докторант, доктор гээд нийт 13 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудаас 11 илтгэл ирүүллээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн олонхийн саналаар шалгаруулалтыг хийлээ.

Шалгаруулалтыг хийхдээ зохиогчийн талаарх мэдээллийг авалгүйгээр илтгэл тус бүрийг уншин танилцаж, илтгэлийн сэдэв, шинэлэг санаа, тулгамдсан асуудал-шийдэл дэвшүүлсэн байдал, практик ач холбогдолыг нотолсон эсэх, логик агуулгатай эсэх, санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх, гаргасан дүгнэлт, санал  бодитой эсэх, ишлэл зүүлтийг зохих ёсоор авсан эсэх, удирдамжид тавигдсан бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзлээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт оноо тэнцсэн тул 6 илтгэлийг 2 дугаар шатанд хэлэлцүүлэхээр боллоо: Д.Мягмарсүрэн “АНАЛОГИ БА ХҮНИЙ ЭРХИЙН  ХАМГААЛАЛТ: ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД”, Б.Батбаяр, Б.Цэндсүрэн “ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮРЭЭНД УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ТАВЬСАН ШИНЭ СОРИЛТ (БОЛОМЖ), ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ (БОЛОМЖ)”, С.Цэрэндолгор “ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ ШАЛГУУРЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЧИГ ҮҮРЭГ: ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛОХ НЬ”, Б.Өлзийсайхан “ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”, Г.Цэрэндэжид “ШҮҮХИЙГ ТОЙРГИЙН ЗАРЧМААР БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ /анхан шатны шүүхийн жишээ дээр/”, С.Энхбаяр “ИРГЭНИЙ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН АЛДАА БА ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ”  сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

Оюутны салбарт: Ч.Болормаа “Цахимаар шүүх хуралдааныг зохион байгуулахтай холбогдох зарим асуудал”, Р.Оюундэлгэр “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮР НӨЛӨӨ БҮХИЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЧИГ ҮҮРЭГТ ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ БА БОЛОМЖ”, З.Янжиндулам, М.Амина “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүний шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлаас томилж буй өнөөгийн практик ба тулгамдсан асуудал”, Т.Биндэръяа “ШҮҮХЭД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО, ДҮГНЭЛТИЙН ҮР НӨЛӨӨ, ЭРХ ЗҮЙН АЧ ХОЛБОГДОЛ”, М.Маралмаа, Б.Мягмарсүрэн “УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ ҮНДЭСЛЭЛИЙГ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛЖ, ХЯНАЛТЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН ТОГТООЛЫН ҮНДЭСЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.