Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа

  • 2023-01-10
  • Э.Цэрэндүзээ
  • 1,709

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Удирдлагын академи, ШУА-ийн философийн хүрээлэн, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Олон Улсын Арбитр, Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйт ёс” сан  зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, багш, магистр, докторант, доктор гээд нийт 15 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг Олон улсын их сургууль, Шихихутуг их сургуулийн оюутнуудаас 25 илтгэл ирүүллээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн олонхын саналаар шалгаруулалтыг хийлээ.

Шалгаруулалтыг хийхдээ зохиогчийн талаарх мэдээллийг авалгүйгээр илтгэл тус бүрийг уншин танилцаж, илтгэлийн сэдэв, шинэлэг санаа, тулгамдсан асуудал-шийдэл дэвшүүлсэн байдал, практик ач холбогдолыг нотолсон эсэх, логик агуулгатай эсэх, санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх, гаргасан дүгнэлт, санал  бодитой эсэх, ишлэл зүүлтийг зохих ёсоор авсан эсэх, удирдамжид тавигдсан бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзлээ.

Илтгэлийн уралдааны нэдүгээр шатны дүнгээр судлаачийн салбарт 5 илтгэлийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлэхээр боллоо.

Судлаачийн салбарт: А.Бодьбилэг “Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн онолын чиг үүрэг”, С.Цэрэндолгор, О.Төрболд “Үндсэн хуулийн “оршил”-ын хууль зүйн хүчин чадал, түүний Үндсэн хуулийн үндсэн бүтцэд эзлэх байр суурь”, Х.Буянбат “Монгол Улсын Үндсэн хуулийн эдийн засгийн суурь үзэл баримтлал нь хүнд үеийг даван гарах гарц болох нь”, Р.Оюундэлгэр “Улсын Дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын үүднээс шинжлэх нь”, О.Энххүслэн, Х.Гэрэлчимэг “Үндсэн хуулийн цэц субъектив эрхийг хамгаалах нь” сэдэвт илтгэл шалгарлаа.

Оюутны салбарт: Т.Билгүүн, Т.Биндэръяа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Хяналтыг хүрээг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх боломж, чиг хандлага”, Б.Ариунзаяа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хянах асуудал: харьцуулсан судалгаа”, Б.Билгүүн “Төрийн өрийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлал”, Б.Сонор, Б.Билгүүн “Үндсэн хуулийн цэц шүүхийн шийдвэрийг хянах шалгуур ба түүний хүрээ”, Т.Эмүжин “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тавигдах агуулгын хязгаарлалт – Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээ” сэдэвт илтгэл шалгарлаа.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.