“Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгууллаа

  • 2021-11-12
  • Э.Цэрэндүзээ
  • 2,568

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс захиргааны эрх зүйн салбарт тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, оюутан залуусын оюуны бүтээлийг дэмжин тэтгэх, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх  арга зам” сэдвийн хүрээнд хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд хууль зүйн их, дээд сургуулийн 30 оюутан илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 6 илтгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцүүлэн, шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг илтгэлийг шалгаруулав. Илтгэлийн уралдааныг шүүн тунгаасан Улсын дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор (LL.D) Ц.Цогт,  Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Сүнжид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны магистр (LL.M) Б.Баялагмаа нарт талархал илэрхийлье.

Тэргүүн байрын шагналыг МУИС-ийн ХЗС-ийн 5-р түвшний оюутан Р.Оюундэлгэр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь заалтын хэрэгжих боломж ба хүндрэл” сэдвээр,

Дэд байрын шагналыг МУИС-ийн ХЗС-ийн 5-р түвшний оюутан Б.Маргад-Эрдэнэ, Б.Ууганболор “Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэх эрхтэй эсэх, түүний тулгамдсан асуудал” сэдвээр,

Гутгаар байрын шагналыг МУИС-ийн ХЗС-ийн 5-р түвшний оюутан Б.Ариунзаяа, Б.Номин “Зарим захиргааны хэм хэмжээний актыг хянах, бүртгэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр,

Тусгай байрын шагналыг МУИС-ийн ХЗС-ийн 4-р түвшний оюутан Б.Амарбаясгалан, Т.Биндэръяа “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудал” сэдвээр тус тус хүртлээ.

Тус илтгэлийн уралдааны тэргүүн байрт шалгарсан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь заалтын хэрэгжих боломж ба хүндрэл” сэдэвт илтгэл нь Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2021 оны IV улирлын дугаарт хэвлэгдэх юм.