ЮНЕСКО-ийн дэргэдэх Инфотермийн Ерөнхий Ассамблейн 24 дүгээр чуулган боллоо

  • 2023-06-05
  • Ц.Энхжин
  • 396

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын нэр томъёоны мэдээллийн төв болох “Инфотерм”-ийн Ерөнхий Ассамблейн 24 дүгээр чуулган онлайнаар зохион байгуулагдлаа. Чуулганаар 2022 онд Инфотермээс болон гишүүн орнуудаас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн аудитын дүгнэлт зэргийг хэлэлцүүлсэн болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2022 онд Олон улсын нэр томъёоны мэдээллийн төвийн гишүүнээр элссэн. Энэ удаагийн чуулганд гишүүн байгууллагын хувьд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr. Jur) Х.Эрдэм-Ундрах оролцож, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон Хууль тогтоомжийн тухай хуулиар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд Хууль зүйн хэлний зөвлөл ажиллах болсон тухай, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудасны үйл ажиллагаа, хөгжүүлэлт, Хууль зүйн нэр томъёоны уламжлал, хувьслын асуудлаар эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг талаар танилцууллаа.

“Инфотерм” буюу олон улсын нэр томъёоны мэдээллийн төвийг ЮНЕСКО-оос 1971 онд нэр томъёоны салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулж байжээ. Энэ удаагийн чуулганд Инфотермийн удирдах зөвлөлийн гишүүд болон Монгол, ХБНГУ, БНСУ, Австри, Аргентин, Польш, Колумб, Испани, Итали, Иран, Гүрж, Литва  зэрэг орны төлөөлөл оролцлоо. Монгол улсаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr. Jur) Х.Эрдэм-Ундрах, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Н.Мөнхцэцэг нар оролцов.