Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв “Infoterm”-ийн 25 дугаар Ерөнхий Ассамблей зохион байгуулагдлаа

  • 2024-05-20
  • Ц.Энхжин
  • 114

1971 онд нэр томьёоны салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх зорилгоор ЮНЕСКО-оос “Infoterm” буюу олон улсын нэр томьёоны мэдээллийн төв нэртэй олон улсын байгууллагыг байгуулсан. Энэхүү байгууллагын ээлжит 25 дугаар чуулган 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2022 онд Олон улсын нэр томьёоны мэдээллийн төвийн гишүүнээр элссэн. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ХЗҮХ-ийн дэргэд Хууль зүйн нэр томьёоны хэлний зөвлөл ажиллахаар болж Зөвлөлийн чиг үүрэг болон ажиллах журам, бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд баталсан.

Энэхүү чуулганд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur.) Х.Эрдэм-Ундрах оролцож 2023 онд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон Хууль зүйн хэлний зөвлөлийн чиг үүрэг, ажиллах журам, бүрэлдэхүүний талаар танилцуулж зөвлөлийн анхны хуралдааныг 2024 оны 6 дугаар сард хийх гэж байгаа тухай мэдээлэв.

Энэ удаагийн чуулганд Монгол, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Австри, Албани, Колумб, Итали, Иран, Гүрж, Грек, Литва зэрэг орны гишүүн байгууллагын төлөөлөл оролцож 2023 онд “Infoterm”-ээс болон гишүүн орнуудаас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, санхүүгийн аудитын дүгнэлт болон Албани улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиол, утга зохиолын хүрээлэнг шинэ гишүүн байгууллагаар танилцуулж, 2024-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, 2025-2029 он хүртэлх ажлын дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

Түүнчлэн “Infoterm”-ийн удирдах зөвлөлийн гишүүд, аудиторуудыг шинээр томилсон ба Монгол Улсаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Н.Мөнхцэцэг анх удаа “Infoterm”-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь онцлох үйл явдал боллоо.

“Infoterm”-ийн гишүүн болсноор нэр томьёоны олон улсын сүлжээний нэг хэсэг болж гишүүн байгууллагын хувьд нэн ховордсон хэлийг хамгаалах, нэр томьёог боловсруулахад чиглэсэн санаачилгад хувь нэмрээ оруулах боломжийг олгодог.