ХЗҮХ-ээс зохион байгуулдаг ээлжит Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг амжилттай боллоо
- 2024-05-24
- Ц.Энхжин
- 243
УИХ-аас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ХЗҮХ-ийн эрх зүйн үндсийг хуульчлан тогтоосон. Тус хуульд заасны дагуу ХЗҮХ-ээс эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын суурь хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол үнэлгээ хийж эхэлсэн.
Энэ хүрээнд ХЗҮХ-ээс “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” сэдэвт ээлжит судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг 2024.05.24-ний өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулаа.
ХЗҮХ-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргал (Ph.D) хурлын чиглүүлэгчээр ажиллав.
ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Буянбат (LL.M) “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ: судалгааны үр дүн” сэдвээр, тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Дэмидханд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ: харьцуулсан судалгаа” сэдвээр, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Содмэргэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтнууд, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төв, Гаалийн ерөнхий газар, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, “Донтох эмгэг судлаачдын нийгэмлэг” ТББ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дөрөвдүгээр эмнэлгийн төлөөллүүд оролцлоо.
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх үндсэн зорилгынхоо хүрээнд 2024 оноос эхлэн мэргэжлийн байгууллага, салбарын төлөөллийг оролцуулан судалгааны тайлангийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл түгээх зорилтынхоо хүрээнд “Мансуурлын эсрэг хамтдаа” аяныг эхлүүлж байна. Тус судалгааны тайлангийн хэлэлцүүлэг нь аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын эхлэл болж амжилттай зохион байгуулагдлаа. Цаашид энэ чиглэлээр нийгэм, олон нийтэд чиглэсэн мэдээ, мэдээллийг үе шаттайгаар хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.