Шинэ номын мэдээ
- 2018-12-25
- Ц.Энхжин
- 1,142
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Хууль зүйн үндэсний хүрээлэн гүйцэтгэн ажиллаж байна. 2018 онд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийн эхний үе шатанд хийгдэх олон зорилтод ажлыг хийж байна. Эдгээр ажлын нэг нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.3.2 дахь хэсэгт заасны дагуу “Эрх зүйн мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарын утас ажиллуулах, тусгай дугаараар зөвлөгөө өгөх ажилтны гарын авлага хэрэглэгдэхүүн”-ийг бэлтгэх ажил юм. Энэ ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу өмгөөллийн “Заяа энд Золоо зөв” ХХН-тэй хамтран хэрэгжүүлж хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаарын утсаар хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг өгч эхэлсэн. Түүнчлэн энэ ажлын хүрээнд “Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн гарын авлага” номыг хэвлүүллээ. Тус бүтээлийг тусгай дугаарын утсаар хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх ажилтны гарын авлага болгох төдийгүй иргэдийн эрх зүйн мэдлэг, эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг хийдэг ажилтнуудын гарын авлага, хэрэглэгдэхүүн болгох зэрэг олон талын зорилгоор ашиглаж болох юм.