Хууль зүйн хэлний зөвлөлийн анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгууллаа

  • 2024-11-25
  • Б.Бат-Эрдэнэ
  • 58
Хууль зүйн хэлний зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд хууль зүйн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тодорхойлох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/75 дугаар тушаалаар зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах журмыг баталсан.
Тус зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн анхдугаар хуралдаанд 11 гишүүн оролцож, зөвлөлийн даргыг нууц санал хураалтаар сонгох, хуралдааны дэгийн төсөл болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцлээ.
Хууль зүйн хэлний зөвлөлийн даргаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах сонгогдож, зөвлөлийн үйл ажиллагааны тэмдгийг гардан авлаа.