Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн“Хуульчдын номын сан”-гийн сан хөмрөгт шинээр номнууд нэмэгдлээ

  • 2021-06-05
  • Ц.Энхжин
  • 448

Япон Улсын иргэний хуулийн орчуулга. УБ., 2018 /орч. Б.Урангоо/

Япон Улсын Иргэний хууль нь  олон жилийн түүхтэй, дэлхийн анхны Иргэний төрөлжсөн хуулиудын нэг бөгөөд Герман, Францын Иргэний хуулийн жишээ, өөрийн орны онцлогийг тусгасан мөн Кодекс хэмээх төрөлжсөн хуулийн уламжлалыг үргэлжлүүлж байгаа Монгол Улсын хувьд судалгааны хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш  Б.Урангоо 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр байсан Япон Улсын Иргэний хуулийг бүрэн эхээр нь орчуулан хэвлүүлжээ.

Монгол, Орос, Хятад, Герман Улсын эрүүгийн хууль. Уб., 2021 /орч. Т.Золбоо, Ж.Эрдэнэбулган, М.Уянга, Б.Тамир, Б.Батбаяр/

Хүн төрөлхтөний хөгжлийн түүхээс үзэхэд эрх зүйн харилцааг зохицуулсан анхдагч хууль нь Эрүүгийн хууль байсан бөгөөд тийм ч учраас “эцэг” хууль гэж нэрлэдэг.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуу судлаач багш нар хоёр хөрш улсын Эрүүгийн хууль, мөн тус улсын эрх зүйн салбарын шинэтгэлийн хүрээнд хийгдсэн эрүүгийн эрх зүйн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход гол суурь болсон ХБНГУ-ын эрүүгийн хуулийг сонгож орчуулсан байна. Хууль зүйн орчуулга тэр дундаа төрөлжсөн хуулийн орчуулга нь цаг хугацаа их шаардсан, агуулгын хувьд өргөн хүрээтэй, хууль зүйн нэр томъёо, хэл найруулга зэрэг олон нарийн асуудлыг багтаасан байдаг учир өмнө нь манай салбарын эрдэмтэн, судлаачид гадаад улсын эрүүгийн хуулийг бүхэлд нь орчуулсан нь ховор байдаг байна.

Хохирлын үндэсний тогтолцоо:Монгол Улсад гэмт хэргийн хохирлыг үнэлж, тогтоож, нөхөн төлүүлж буй нөхцөл байдал. Цуврал судалгаа №1. Уб., 2020.- /Нээлттэй нийгэм форум, Монголын Криминологчидын холбоо/

Хохирлын үндэсний тогтолцоог үнэлэх чиглэлээр анхны удаа хийгдсэн энэхүү судалгааг Нээлттэй нийгэм форум санхүүжүүлэн Монголын Криминологчидын холбооны судлаачид Б.Мөнхдорж, Н.Туяа, Г.Оюунболд, О.Мөнхцэцэг, А.Еркегүл, Б.Ариунтуяа, Б.Ариунжаргал нар хамтран гүйцэтгэжээ. Энэхүү судалгааны ач холбогдол нь Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хэргийн хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, яллах, шүүн таслах ажиллагааны явцад гэмт хэргийн хохирол, хор уршгийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин болон шүүхийн практикийг судлах, хохирогчийн эрх ашгийг баталгаатай хангаж хадгалахуйц эрх зүйн орчин бүрдүүлэх боломжийг судалж санал дэвшүүлсэнд оршино.

Хохирлын үндэсний тогтолцоо:тодорхой төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлүүлэлт. Цуврал судалгаа №2. Уб., 2020.- /Нээлттэй нийгэм форум, Монголын Криминологчидын холбоо/

Хохирлын үндэсний тогтолцоог үнэлэх чиглэлээр анхны удаа хийгдсэн энэхүү судалгааг Нээлттэй нийгэм форум санхүүжүүлэн Монголын Криминологчидын судлаачид Б.Мөнхдорж, Н.Туяа, Г.Оюунболд, О.Мөнхцэцэг, А.Еркегүл, Б.Ариунтуяа, Б.Ариунжаргал нар хамтран гүйцэтгэжээ. Энэхүү судалгаанд тодорхой төрлийн буюу “Хүнийг алах” гэмт хэргийн 40, 11.1 дүгээр зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”, 11.4 дүгээр зүйл “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн нийт 150, 17.2 дугаар зүйл “дээрэмдэх” гэмт хэргийн 50, 17.3 дугаар зүйл “Залилах” гэмт хэргийн 50, 11.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 20, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх гэмт хэргийн” 19, 27.1 дүгээр зүйл “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг “ гэмт хэргийн 30хавтаст хэргийн материалыг тус тус түүвэрлэн авч судалжээ.