Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай уулзлаа

  • 2024-04-12
  • Ц.Энхжин
  • 178

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажиллаж, судлаачидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах байгууллагын үйл ажиллагаа, хууль зүйн сургалт, судалгааны чиглэлээр хийж буй онцлох ажлуудаа танилцуулав.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сайн хууль бий болох суурийг тавьж өгдөг хүмүүс бол эрдэмтэн судлаачид. Хууль зүйн бодлогыг оновчтой, хөрсөнд буусан, амьдралд нийцсэн, олон ургальч, хүний эрхийн мэдрэмжтэй байдлаар тодорхойлоход Хууль зүйн үндэсний хүрээлэн чухал нөлөөтэйг онцолсон юм.

Нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомж, дүрэм, журмууд шинжлэх ухаанч, судалгаан дээр суурилсан байх нь хожим алдаа мадаг гарахаас урьдчилан сэргийлдэг гэдгийг тодотгов. Түүнчлэн залуу судлаачдад хандан “Нийгэмдээ гэрэл асаах маш үнэ цэнтэй ажил хийж буйгаа ухамсарлаж, үргэлж ажлаараа бахархаж яваарай” гэлээ.

Цаашдаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдыг гадаад оронд туршлага судлах, эзэмшсэн мэргэжлээрээ мерит зарчмаар дэвшин ажиллах, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн залуу судлаачидтай хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон хүний эрхийн асуудлаар санаа бодлыг нь сонсож, яриа өрнүүллээ.