Хууль зүйн үндэсний хүрээлэн “Бүс нутгийн соёлын форум 2023: Хойд бүсийн соёлын бүтээн байгууллыг хууль дээдлэх ёсоор дэмжих нь” сэдэвт форумд урилгаар оролцлоо

  • 2023-12-07
  • Э.Цэрэндүзээ
  • 377

БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургууль санаачлан 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулсан “Бүс нутгийн соёлын форум 2023: Хойд бүсийн соёлын бүтээн байгууллыг хууль дээдлэх ёсоор дэмжих нь” сэдэвт форумд Хууль зүйн үндэсний хүрээлэн урилгаар оролцлоо.

Тус арга хэмжээний нээлтэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор(Dr.jur) Х.Эрдэм-Ундрахыг төлөөлж Хүний эрх, олон улсын эрх зүйн болон харьцуулсан эрх зүйн секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Тус форум үндсэн ба 4 салбар хуралдаанаас бүрдсэн бөгөөд “Хятад-Монгол-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын эрх зүйн асуудал” сэдэвт салбар хуралдаанд эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан, эрдэм шинжилгээний ажилтан Э.Сэлэнгэ нар “Монгол Улсын хувийн эрх зүйн шинэтгэл ба эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

/Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор, түүхийн ухааны доктор Д.Наранцогт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан, эрдэм шинжилгээний ажилтан Э.Сэлэнгэ, Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Т.Дайчин нар/

/“Бүс нутгийн соёлын форум 2023: Хойд бүсийн соёлын бүтээн байгууллыг хууль дээдлэх ёсоор дэмжих нь” сэдэвт  форумын үндсэн хуралдаан/

Эрх зүйн түүх, соёлын өвийг эрхэмлэх, соёлын бүтээн байгууллыг хууль дээдлэх ёсоор дэмжих олон талт ажиллагааны арга замыг хөндсөн энэхүү форумд 100 орчим судлаач, мэргэжилтэн оролцов. Үүний хүрээнд “Хятад-Монгол-Орос гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн эрх зүйн асуудал, цаашдын чиг хандлага болон хууль зүйн хамтын ажиллагааг сайжруулах хэрэгцээ, шаардлага, шийдвэрлэх боломжийг хөндсөн нь онцлог юм.

/“Хятад-Монгол-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын эрх зүйн асуудал” сэдэвт  салбар хуралдаан/