Хууль зүйн үндэсний хүрээлэн ШССМХ-тэй хамтран ажиллах талаар санал солилцлоо

  • 2021-09-28
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,128

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах Улсын дээд шүүхийн дэргэд шинээр байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс байгууллагын чиг үүрэг, онцлог, урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар болон сүүлийн үед хэрэгжүүлж байгаа цахимжилтын талаар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэг шинээр байгууллагдсан ШССМХ-ийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар тус тус танилцуулж, талууд хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг захиалагчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан чанартай, үндэслэлтэй, шуурхай гүйцэтгэхийн ач холбогдлыг талууд онцолж, энэ чиглэлээр өөрсдийн тэргүүн туршлага, арга зүй, судалгааны санг харилцан солилцох, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг зарим хууль тогтоомжийн хэрэглээг тогтмол судлах судлаачдын баг бүрдүүлж ажиллах, судалгааны ном, бүтээл, гарын авлага гаргах, төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

Тус уулзалтад ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Энхтамир, ЭША О.Энххүслэн, ШССМХ-ийн Иргэний эрх зүйн секторын судлаач        Д.Бямба-Од нар оролцлоо.