“Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг: Монгол ба Япон улс” сэдэвт хамтарсан эрдэм шинжилгээний семинар боллоо

  • 2024-01-17
  • Ц.Энхжин
  • 598

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтарсан 4 дэх удаагийн эрдэм шинжилгээний семинарыг “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг: Монгол ба Япон улс” сэдвийн хүрээнд өнөөдөр /2024.01.17/ Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur) Х.Эрдэм-Ундрах хамтарсан семинарыг нээж хэлсэн үгэндээ: Хууль тогтоомж болон эрх зүйн салбарын туршлагаараа Япон улс азид тэргүүлдэг гэж үзэн судалдаг тул хоёр улсын хамтарсан семинарууд манай улсын эрдэмтэн, судлаачдад өгөөж ихтэй байдгийг онцолсон болно.

Харин Япон улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, профессор Шинтаро Найто сүүлийн жилүүдэд хоёр улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт холбогдох эрх зүйн шинэчлэлүүд хийгдэж байгаа тул цаг үеэ олсон сэдвээр семинар зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Тус семинарт:

  1. Япон улсын Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Кэйсүкэ Гото “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг-Япон улс” ;
  2. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur) Х.Эрдэм-Ундрах “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, өөрчлөлт, шинэчлэл: Монгол улс” ;
  3. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Буянбат (LL.M), О.Энххүслэн (LL.M) нар “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал” ;
  4. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Амарзаяа “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны онцлог” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлэв.

Хамтарсан семинарт Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газар (ICD), Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар, Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, ГХУСАЗЗАА, Шихихутуг Их сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид оролцож хэлэлцүүлэг өрнүүлэв.