Шинэ номын мэдээ

  • 2019-01-30
  • Ц.Энхжин
  • 893

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан эрх зүйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөр, гарын авлага, DVD

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв” төрийн бус байгууллагаас зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу энэхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан сургалтын хөтөлбөр” гарын авлагыг бэлтгэлээ. Сургалтын хөтөлбөрийн сэдвийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зайлшгүй мэдвэл зохих, тэдгээрийн өдөр тутмын амьдралд илүүтэй тулгарч байдаг тодорхой хуулийн зохицуулалтын агуулгаар түүвэрлэн бэлтгэлээ. Түүнчлэн сургалтын хөтөлбөрт цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах багшид өгөх зөвлөмж, аргачлалын талаар тусгалаа. Энэхүү сургалтад ашиглах гарын авлага /DVD/ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиуд дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд холбогдох зохицуулалтыг түүвэрлэн дохионы хэлмэрчээр хэлмэрчлүүлэн дуу, дүрслэл, текст бүхий хэлбэрээр бэлтгэсэн тусгай хэрэгцээт сургалтын хэрэглэгдэхүүн видео цомог юм. Уг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан эрх зүйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөр”, гарын авлага нь  цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэдний асран хамгаалагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулахад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтны үндсэн хэрэглэгдэхүүн болох юм.

Та бүхэн энэхүү сургалтын хөтөлбөрийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын номын сан”-аас танилцах боломжтой.