“Эрх зүйн хөтөч”-ийн давтан сургалт боллоо

  • 2021-12-21
  • Г.Дэлгэрбаяр
  • 603

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Үндэсний хөтөлбөр батлах тухай 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бий болгох замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх үндэсний чадавхийг бий болгох зорилготой. Энэхүү хөтөлбөрийн “3.2.1.-д эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох, 3.2.6.-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах,  6.4.3.-д эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхийг нь тасралтгүй бэхжүүлэх болон хөтөлбөрийн зорилтыг хангах ажлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтчийн тоог зохих түвшинд хүргэнэ” гэж  заасны дагуу өнгөрсөн хугацаанд 30 гаруй удаагийн сургалтаар 1600 гаруй эрх зүйн хөтчийг бэлтгээд байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор цахим хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Эрх зүйн хөтөч”-ийн давтан сургалтыг цахимаар зохион байгууллаа. Сургалтад Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий, Төв, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын эрх зүйн хөтөч нар цахимаар хамрагдлаа.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Уранцэцэг, Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн, доктор Б. Сүнжид , МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Д.Ганзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул нар хичээл заасан бол Тэнүүн гүүр Монгол Хятадын боловсрол соёлын төв НҮҮТБ”-ын төлөөлөгч, Хөндлөнгийн үнэлгээний багийн гишүүн П.Хишигбаяр “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ,  ХЗҮХ-ийн Legalinfo.mn сайтын хөгжүүлэлтийн техникийн багийн ахлагч Ч.Батзориг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудасны шинэчлэлийн талаар тус тус танилцууллаа.