Япон улсын Сургалт, судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний семинар амжилттай зохион байгууллаа

  • 2021-10-11
  • Ц.Энхжин
  • 822

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, Япон улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн 2021 оны 8-р сарын 11-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.

Энэхүү хамтын ажиллагааны эхний арга хэмжээ болох хамтарсан эрдэм шинжилгээний семинарыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо: Япон ба Монгол Улс” сэдвийн хүрээнд 2021 оны 10-р сарын 08-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа. Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, Проф, доктор  Найто Шинтаро, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х. Эрдэм-Ундрах нар мэндчилгээ дэвшүүлэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэхүү хүндхэн цаг үед талууд идэвхи, хичээл зүтгэл гарган хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад талархаж буйгаа илэрхийлээд эрдэм шинжилгээний семинарт оролцогчдод амжилт хүсэн ерөөв.

Тус семинарт Японы талаас Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Ито Мизуки “Япон улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо” сэдвээр, харин Монгол талаас ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С. Сүхбаатар “Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн болно.

Тус арга хэмжээнд Японы Сургалт судалгааны хүрээлэн, НҮБ -ын Ази, Алс Дорнодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн судлаачид, Монголын талаас Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш, судлаачид оролцож, сонирхолтой асуулт асууж, санал бодол, байр сууриа илэрхийлж хэлэлцүүлгийн үр нөлөө, ач холбогдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан явдалд Хүрээлэнгийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье.