“ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

  • 2022-06-13
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,524
Академич Ж.Амарсанаагийн нэрэмжит “Өмгөөллийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан боллоо.
Тус эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Монголын Өмгөөлөгчдийн холбооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Монголын Олон Улсын Арбитр, Чимид сан, Монголын Хуульчдын холбоо, Эмнести интернешнл, Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН, Өмгөөллийн “Монгол Илч” ХХН, Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулсан. Илтгэлийн уралдаанд эрдэмтэн, судлаач, багш, хуульч, өмгөөлөгч, практик ажилтнаас 14 илтгэл, хууль зүйн их, дээд сургуулийн оюутнаас 5 илтгэл ирүүлснээс судлаач болон оюутан гэсэн 2 төрөлд явагдан дараах илтгэлийг шалгаруулан байр эзлүүллээ.
Судлаачийн төрөлд:
• Тэргүүн байр: Өмгөөллийн “Эрх зүйн гүүр” ХХК-ийн захирал, өмгөөлөгч Д.Оросоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Өмгөөлөгчдийн эрх зүйн байдал, оролцоог бодитойгоор харах, цаашид боловсронгуй болгох асуудал” сэдэвт илтгэл;
• Дэд байр: “Шихихутуг” их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Мөнх-Эрдэнэ “Өмгөөлөгчийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулах арга зам” сэдэвт илтгэл;
• Гутгаар байр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Мягмарсүрэн “Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүний талаарх тулгамдсан асуудал” сэдэвт илтгэл;
• Тусгай байр: ШУА-ийн Философийн хүрээлэн, Улс төр, эрх зүйн салбарын ЭШДэА, хууль зүйн магистр, өмгөөлөгч М.Долгорсүрэн “Өмгөөлөгчийн үйлчилгээний соёл” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Оюутны төрөлд:
• Тэргүүн байр: МУИС-ХЗС-ийн V түвшний оюутан Ч.Болормаа “Эрүүгийн хэргийн нотлох ажиллагаанд өмгөөлөгчийн оролцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэл;
• Дэд байр: МУИС-ХЗС-ийн IV түвшний оюутан М.Амина, С.Мягмарсүрэн “Мөрдөн шалгах ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцооны эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл;
• Гутгаар байр: “Шихихутуг” их сургуулийн II курсийн оюутан Г.Сувданцэцэг “Төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх өмгөөллийн үйл ажиллагаа” сэдэвт илтгэл;
• Тусгай байр: Шихихутуг их сургуулийн III курсын оюутан Б.Балжмаа “Өмгөөлөгчийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх асуудал” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтын шүүгчээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор З.Сүхбаатар, МУИС-ХЗС-ийн доктор, дэд профессор Э.Байгал, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, доктор, профессор Б.Өлзийсайхан нар ажилласан бол 2 дугаар шатны шалгаруулалтын шүүгчээр МУИС-ХЗС-ийн гэрээт профессор, гавьяат хуульч, доктор Б.Алтангэрэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Д.Гангабаатар, ДХИС-ийн зөвлөх профессор, доктор Д.Гантөмөр нар ажиллаа.