Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ (ALIN)-ний 21 дэх чуулга уулзалт болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
- 2025-12-12
- Б.Бат-Эрдэнэ
- 23
Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ (ALIN) олон улсын байгууллагын гишүүн орнуудын 21 дэх ээлжит чуулга уулзалт болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI) болон Лаос Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотноо амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнг төлөөлж тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал саналын эрхтэй оролцож шинэ гишүүдийг хүлээн авч, санал солилцлоо. Энэхүү чуулга уулзалтад Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ (ALIN)-ний гишүүн байгууллагууд болох нийт 18 хууль зүйн сургууль болон хууль зүйн судалгааны хүрээлэнгээс 30 гаруй эрдэмтэн багш, судлаач, мэргэжилтнүүд оролцсон. Тус уулзалтын үеэр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль “АLIN”-ы шинэ гишүүн болж олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.
21 дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал “Хууль тогтоомжийн сайн туршлага: Ази тив дэх хууль тогтоомжийн чанарыг сайжруулах стратеги” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсаас “Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ: Бодлогын зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцсон. Тус илтгэлийг ХЗҮХ-ийн Хүний эрх, олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Б.Энх-Амгалан хамтран бэлтгэж, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Дэмидханд хэлэлцүүллээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 14 улсын төлөөлөл биечлэн болон цахимаар оролцож илтгэл тавьсан ба Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хууль зүйн бодлогын болон практик арга хэмжээг бусад улсын туршлагаас суралцсанаараа ач холбогдолтой болж өндөрлөлөө.

