БНАЛАУ-ЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
- 2022-09-21
- Э.Цэрэндүзээ
- 473
Азийн Сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид Хууль зүйн үндэсний үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судаллаа. Уулзалтын үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар хүрээлэнгийн үйл ажиллагаа, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хууль зүйн судалгаа, сургалт, сурталчилгааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариулт өглөө. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Хишигбаяр, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга Ч.Батзориг нар оролцсон юм.
Уулзалтад Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Хууль зүйн яамны олон улсын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хаамфон Сипасүт, Хууль зүйн яамны Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ерөнхий захирал Бунта С.Фамиксай, Ардын дээд прокурорын ажлын албаны захирал Фудтвонг Буалафа тэргүүтэй 13 хүн оролцлоо.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хууль хяналтын байгууллагын төлөөлөгчид 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд манай улсад зочлох юм.