БНСУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ) БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч, хууль зүйн мэдээлэл, судалгааны цахим сан, хууль тогтоомжийн цахимжуулалт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох уулзалтыг 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад KLRI-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, Хууль зүйн ухааны доктор (S.J.D.) Ким Хёнгүн, Хууль тогтоомжийн солилцоо, хамтын ажиллагааны ахлах Жан Хи-Жи тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем – Legalinfo.mn, Хууль зүйн судалгааны нэгдсэн сан – Legalresearch-ийн хөгжүүлэлт, хууль тогтоомж боловсруулах үйл явцыг цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, БНСУ-ын хууль зүйн мэдээллийн систем, судалгааны цахим сан, шинэ технологи болон хиймэл оюун ухааны хэрэглээний талаар туршлага солилцлоо. Түүнчлэн “Хууль дээдлэх ёс” болон KJILL сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл харилцан нийтлүүлэх, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, судлаач, мэргэжилтэн солилцох, сургалт, семинар зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үр дүнд хоёр байгууллагын хууль зүйн судалгаа, мэдээллийн сангийн хөгжүүлэлт, хууль тогтоомжийн цахимжуулалт болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлоо бэхжүүллээ.

  • 2026-08-14
  • Б.Бат-Эрдэнэ
  • 31

https://nli.gov.mn/wp-content/uploads/2026/08/1-scaled.jpg