Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа
- 2025-01-08
- Б.Бат-Эрдэнэ
- 208
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач болон хууль зүйн их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 16 дахь удаагийн уламжлалт уралдааныг Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, Шүүхийн Академи, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, “Эрх зүйт ёс” сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн илтгэлийн уралдаанд ирүүлсэн нийт 26 илтгэлийн 9 илтгэл нь судлаачийн ангилалд, 17 илтгэл нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг Олон улсын их сургууль, Шихихутуг их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль-Эрх зүйн тэнхимийн оюутнуудынх байна.
Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн шүүгчдийн дүнг нэгтгэж олонхийн санал авсан 5, 5 илтгэлийг шалгаруулдаг. Шүүгчид илтгэл ирүүлэгчийн талаарх мэдээлэлгүйгээр илтгэл тус бүрийг уншин танилцаж, илтгэлийн сэдэв, шинэлэг санаа, тулгамдсан асуудал-шийдэл дэвшүүлсэн байдал, практик ач холбогдолыг нотолсон эсэх, логик агуулгатай эсэх, санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх, гаргасан дүгнэлт, санал бодитой эсэх, ишлэл зүүлтийг зохих ёсоор авсан эсэх, удирдамжид тавигдсан бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзэж дүгнэдэг болно.
Илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны дүнгээр судлаачийн болон оюутны ангиллын тус бүр дараахи таван илтгэлийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлэхээр боллоо.
Судлаачийн ангилалд:
Д.Ганхүрэл “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс, түүний практик хэрэглээ- үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар авч үзэх нь”;
Б.Лхагважаргал “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба Үндсэн хуулийн цэцийн хяналтын зохистой хүрээ”,
С.Номынбаясгалан, Э.Тамир “Монгол Улсын Их Хурлын гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын асуудал”,
Х.Норовсүрэн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах эрхийг хангах нь”
Н.Хулан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үндсэн хууль дээдлэх ёс”,
Оюутны ангилалд:
Л.Аззаяа “Үндсэн хуульт ёс ба Улсын Их Хурлын гишүүний хариуцлага”,
Д.Ариунзаяа, Б.Туяацэцэг “Үндсэн хуулийн цэц өмнөх шийдвэрээ өөрчлөх асуудал”,
Ц.Бумба-Эрдэнэ “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг дэлгэрүүлэх хууль тогтоох эрх мэдлийн нөлөөлөл, харьцангуй хууль тогтоох орхилтыг шийдвэрлэх шаардлага”,
Б.Өсөхбаяр Б.Мөнхцэцэг “Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид хариуцлага оногдуулах эрх зүйн тогтолцоо: Олон улсын туршлага ба Монгол Улс”
Т.Эмүжин “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс: Үндсэн хуулийн цэцийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг, цар хүрээ”
Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.