Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
- 2022-06-24
- Ц.Энхжин
- 630
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдвээр мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Тус сургалтанд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа, тэр дундаа эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй оролцдог иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, эрх зүйн хөтөч болон өмгөөлөгч нараас бүрдсэн Дундговь, Дорноговь, Өмнөговь болон Говьсүмбэр аймгийн 53 мэргэжилтэн хамрагдаж жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хохирогч төвтэй хандлагыг тусган хэрэгжүүлэх, мөн өмгөөлөгч болон бусад чиг үүрэгтэй оролцдог байгууллагууд руу холбон зуучлах талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ. Тус сургалтыг “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” гарын авлагад суурилан мэргэжилтүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар болон төслийн зөвлөхүүд удирдаж явууллаа.
Төслийг засгийн газар хоорондын Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулахад төвлөрч, хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм. Төслийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
Вебсайт: www.idlo.int/where-we-work/asia/mongolia
Төслийн Фэйсбүүк хуудас: @IDLOmongol