ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2022-09-12
- Э.Цэрэндүзээ
- 756
Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ), Монголын Хуульчдын Холбоо болон Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 2022 оны 8 дугаар сарын 22-23-ны хооронд Завхан аймагт, 2022 оны 8 дугаар сарын 25-26-ны хооронд Баян-Өлгий аймагт тус тус зохион байгууллаа.
(Завхан аймгийн сургалт/2022.08.22-2022.08.23/)
Тус сургалтанд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа, тэр дундаа эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй оролцдог иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, эрх зүйн хөтөч болон өмгөөлөгч нараас бүрдсэн Завхан, Говь-Алтай болон Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд болон Увс аймгийн 80 гаруй мэргэжилтэн хамрагдаж жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хохирогч төвтэй хандлагыг тусган хэрэгжүүлэх, өмгөөлөгч болон бусад чиг үүрэгтэй оролцдог байгууллагууд руу холбон зуучлах талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн юм. Тус сургалтыг “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” гарын авлагад суурилан мэргэжилтүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар болон төслийн зөвлөхүүд удирдаж явууллаа.
(Баян аймгийн сургалт/2022.08.25-2022.08.26/)
Төслийг засгийн газар хоорондын Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд төвлөрч, хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн янз бүрийн эрх зүйн тогтолцоотой 90 гаруй оронд ажилласан туршлагатай. ОУЭЗХБ нь 1988 онд байгуулагдсан ба 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиглагчийн статустай болсон. ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
Вебсайт: www.idlo.int/where-we-work/asia/mongolia
Төслийн Фэйсбүүк хуудас: @IDLOmongol