Захирлын мэндчилгээ

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага билээ.
Хүрээлэн нь Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолын дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн судалгааг шинжлэх ухааны арга зүйгээр явуулах, орон даяар эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх, шинээр батлагдах хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулж иргэд, судлаачдын саналыг тусгахаар Улсын их хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.
Эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэхдээ интернет, телевиз, цаасан хэвлэл, танхимын сургалт, хэлэлцүүлэг зэрэг мэдээллийн олон сувгийг ашиглаж байна. Ингэснээр иргэд эрх зүйн мэдээллийг хүртээмжтэйгээр олж авах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг шуурхай, ойлгомжтойгоор хүлээн авах, хууль төрөхийн өмнө хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлэх замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг амьдралд хэрэгжихэд бодитойгоор хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байна.
Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар зочилж хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН
ЗАХИРАЛ Х.ЭРДЭМ-УНДРАХ