Иргэдэд эрх зүйн мэдлэг олгох “Хуульчдын подкаст” студийг байгууллаа

  • 2021-01-22
  • Ц.Энхжин
  • 1,040

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө мэдээллийг илүү ойроос шуурхай хүргэх зорилгоор ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хуульчдын подкаст” студийг байгууллаа.

Уг студи нь сүүлийн үеийн техник, технологиор тохижуулагдсан бөгөөд Монголын хуульчид болон иргэдэд зориулсан хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээ, мэдээллийг аудио болон видео хэлбэрээр шууд хүргэх юм.

“Хуульчдын подкаст” студийн нээлтийн ажиллагаанд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор Х.Эрдэм-Ундрах, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат хуульч Ц.Сарантуяа, Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нар оролцов. Энэ үеэр “Хуульчдын подкаст” студийг байгууллахад дэмжлэг үзүүлсэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олонд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлж, дурсгалын зүйлсийг гардууллаа.

Энэхүү студийн үүд хаалга Монголын бүх хуульчид болон хуулийн байгууллагуудын өмнө үргэлж нээлттэй байх тул Та бүхнийг урьж байна.