МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
- 2026-01-23
- Б.Бат-Эрдэнэ
- 32

Манай улсад жилээс жилд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нэмэгдэж байна. Үүнийг дагаад холбогдох гэмт хэрэг, зөрчлийн тоо ч өсөн нэмэгдсээр байна. Анх 2002 оны сүүлээр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” бие даасан хуулийг баталж байсан. Тухайн үед Монгол Улс хар тамхи дамжин өнгөрдөг улс байсан бол одоо хэрэглэгч улс болжээ. Иймд хуулийн зарим зохицуулалтыг шинэчлэн найруулах шаардлагатай болсон тул Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.

Үүний дагуу Хууль зүйн дотоод хэргийн яам “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм болон судлаачдын төлөөлөл нийт 100 орчим хүн оролцож, хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.

Шинэ хуулийн гол үзэл баримтлал хар тамхинд донтсон иргэдийн эмчлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мэргэжлийн байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчин, лабораторийн хүчин чадлыг сайжруулахад чиглэгдэж байна. Цаашид донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, сэргээн засах төвүүдийг байгуулах юм. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд боловсон хүчин бэлтгэх, олон улсын жишигт хүргэх шаардлагатайг хэлэлцүүлэгт онцоллоо.
Энэ төрлийн гэмт хэрэг үндэстэн дамнасан шинжтэй тул Олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж гадны улс орнуудтай хамтран ажиллах нь чухал. Түүнчлэн шинэ төрлийн бодисоос хамгаалах, бодисын хууль ёсны эргэлтийн хэлбэрүүдийг тодорхойлж, зөвшөөрөл, бүртгэл, хяналтын тогтолцоонд оруулах зайлшгүй шаардлагатай байгаа талаар яригдлаа.

Монгол Улсад одоогоор 937 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд үүнээс 59 хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой харилцааг зохицуулсан 156 зүйл, 204 заалт багтжээ. Сүүлийн 9 жилийн судалгаагаар энэ төрлийн гэмт хэргээс амь насаа алдсан 49 тохиолдол бүртгэгдсэн бол 1117 иргэн ял шийтгэл эдэлжээ. Мөн 2422 холбогдогч бүртгэгдсэнээс 90 гаруй хувийг 13–35 насныхан эзэлж байна. Цаашид 2030 он хүртэл 49 хувиар өсөх магадлалтай. Иймд сайн хууль батлахаас илүүтэйгээр хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулах нь чухал гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.