“Монгол Улсад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх болон хэвлэл мэдээллийн ёс зүйтэй оролцоо” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг болов

  • 2026-04-02
  • Б.Бат-Эрдэнэ
  • 12

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Ханнс-Зайделийн сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Кристина Ноблийн Хүүхдийн сангийн хамтран зохион байгуулсан “Монгол Улсад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх болон хэвлэл мэдээллийн ёс зүйтэй оролцоо” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн гишүүн, доктор (jur.dr) Х.Эрдэм-Ундрах “Монгол Улсад хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо ба Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тухай” сэдвээр илтгэл тавьж, хүүхэд холбогдсон хэргийг шийдвэрлэх эрх зүйн орчин, дагнасан шүүхийн зорилго, шүүхийн мэдээллийг олон нийтэд хүргэхэд тус байгууллагаас баримталж буй зарчмыг танилцуулсан.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй криминологийн секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан (LL.M) Х.Буянбат “Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо” сэдэвт илтгэлээр шинэ тутам байгуулагдаад буй тус шүүх Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоонд хэрхэн нөлөөлөх, хүүхдээс үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх процессын эрх зүйд зайлшгүй тусгах зарчим, зохицуулалтыг олон улсын сайн туршлагад үндэслэн санал болгосон.