Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг 13 дахь жилдээ болж байна
- 2022-01-08
- Ц.Энхжин
- 873
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг ардчилсан Үндсэн хуулийн баярын өдрийг тохиолдуулан хууль тогтоох, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач нарын дунд 2009 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээнийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чимид сан, Монголын Хуульчдын холбоо, Монголын шатрын холбоо, “Цогц-Эрх партнерс” ХХН хамтран зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, “Цогц-Эрх партнерс” ХХН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхнасан, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Г.Даваахүү нар оролцлоо.
Тус тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллагын нийтдээ 50 гаруй тамирчин өрсөлдөж байна.