Судалгааны тайлангийн эмхэтгэл IX боть хэвлэгдлээ

  • 2023-04-17
  • Э.Цэрэндүзээ
  • 1,441

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн 2021 онд гүйцэтгэсэн судалгааны тайланг эмхэтгэн олон нийтэд толилуулж байна. Энэхүү IX ботид хувийн эрх зүйд хамаарах судалгааг багтаасан болно. Тухайлбал, Монгол Улсад хувийн эрх зүйн хөгжлийн асуудал тулгамдсан хэвээр байгаа билээ. Үүнийг судлаачид олон талаас нь авч үзэхийн зэрэгцээ  суурь шинжтэй асуудлыг хөндөж тавьж байгаагийн нэг жишээ нь Монгол Улсын Иргэний хуулийг бүтцийн талаас нь бусад улс оронтой харьцуулан судалсан Ч.Буянхишиг докторын судалгаа юм. Тэрээр 2002 онд батлагдсанаас хойш өнөө хүртэл мөрдөгдөж буй Иргэний хуульд өмнөх социалист нийгмийн үеийн Иргэний хуулиудын уламжлал хадгалагдсаар байгаа нь хувийн эрх зүйн шинэтгэлд ямар нөлөө үзүүлж байгаад дүн шинжилгээ хийж, Иргэний хууль нь аж ахуйн үйл ажиллагааг түлхүү зохицуулсан, хувь этгээдийн хамгаалалт дутмаг хэмээн дүгнэсэн байна.
Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн хэлбэр болох хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг хуульчилсан байдал, түүний хэрэгжилтэд үнэлгээ хийсэн доктор Г.Даваанямын судалгаанаас үзэхэд, улсын бүртгэлд бүртгүүлсэн нийт компанийн 99.8 хувь нь ХХК байхад хуульд ХХК-д хамаарах заалтын тоо харьцангуй цөөн байгааг онцолж, үүний үр дагаврыг шинжилжээ.
Хувийн эрх зүйн салбарт хамаарах нэг чухал сэдэв бол гадаад элемент бүхий иргэний хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоох асуудал бөгөөд уг асуудлыг доктор Э. Байгал онолын үндэслэл, олон улсын туршлага, өөрийн улсын хууль тогтоомж, шүүхийн практикт тулгуурлан авч үзээд, практикт хэрэгжүүлэх тодорхой санал, зөвлөмж боловсруулсан байна.
Судлаач Э.Анударь, Б.Дүүрэнжаргал нарын судалгаанд “хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” гэх ойлголтыг хуулийн этгээдээс ялгаж тодорхойлох оролдлогыг хийж, уг ойлголтод хамааруулж болох СӨХ, ойн нөхөрлөл зэрэг нь манай улсын практикт хуулийн этгээдийн нэгэн адил шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч болох явдал цөөнгүй байгааг дурджээ. Онолын ойлголт амьдралаас зөрүүтэй байгаа уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хувийн эрх зүйн бас нэгэн сорилт юм.
Дээрх асуудлын анхдагч суурь нь болох “хуулийн этгээд” хэмээх эрх зүйн хийсвэрлэл бол манай улсын хувийн эрх зүйд нэг мөр болж, тогтоогүй ойлголт болохыг судлаач Э.Анударь, Д.Дэмидханд, Х.Санчир нарын судалгаанаас харж болно. Энэхүү судалгаанд хувийн эрх зүйн төдийгүй нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн тухай асуудлыг хөндсөн нь онцлог болжээ.
Судлаач Э.Анударь, Т.Лхагважаргал нарын Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний үр дүнд уг хууль батлагдсанаас хойшхи хугацаанд гэрлэлт цуцлах маргаанд эвлэрүүлэн зуучлал амжилтгүй байгаа шалтгааныг тогтоох оролдлого хийсэн.
Энэхүү эмхэтгэлд орсон, судалгааны зөвлөх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, судлаач Л.Амгаланбаатар, С.Цэрэндолгор нарын хийсэн, иргэний процесст хамаарах бөгөөд судалгааны гол дүгнэлт нь холбогдох хуульд байгаа зарим бүрхэг зүйл, заалтаас үүдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах тохиолдол нэлээд байгааг хэрхэн засах талаар тодорхой санал дэвшүүлжээ.
Хувийн эрх зүй бол нийгмийн өргөн хүрээний харилцааг зохицуулдаг гол салбар бөгөөд дээр товч танилцуулсан 7 судалгаа нь энэ салбар эрх зүйд тулгамдаж буй олон чухал асуудлыг хөндөж, онол, практик, харьцуулсан эрх зүйн мэдлэгт тулгуурлан сонирхолтой бөгөөд практик ач холбогдол бүхий дүгнэлт хийсэн нь бусад судлаачдад санаа сэдэл төрүүлж, цаашид судалгааны эргэлтэд орж, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.