Судалгааны тайлангийн эмхэтгэл XI болон XII боть хэвлэгдлээ
- 2023-06-09
- Ц.Энхжин
- 1,306
Хууль зүйн үндэсний хүрээлэн судалгааны ажлын үр дүнгээ эмхэтгэн уншигчдад цувралаар толилуулдаг уламжлалтай. Энэ удаад 2021 онд гүйцэтгэсэн Судалгааны тайлангийн эмхэтгэл XI боть (Нийтийн эрх зүйд холбогдох судалгаа) болон Судалгааны тайлангийн эмхэтгэл XII боть (Зөрчлийн эрх зүйд холбогдох судалгаа ) тус тус хэвлэгдэж нийтийн хүртээл боллоо.
Судалгааны тайлангийн эмхэтгэл XI ботид:
- Захиргааны ерөнхий хууль дахь “нийтийн эрх зүйн этгээд” болон Иргэний хууль, бусад хууль тогтоомж дахь “нийтийн эрх зүйн хуулийн этгээд” гэх ойлголтыг тодорхойлон, тэдгээрийн хууль зүйн нийцэл, хэрэглээнд холбогдох санал, зөвлөмжийг дэвшүүлсэн;
- Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг үнэлж, практикт иргэдийн төлөөлөгчийн оролцоог түүний процесс ажиллагаанд гүйцэтгэх зорилго, чиг үүрэг тодорхой бус байгаатай холбон судалсан;
- Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах урьдчилсан хамгаалалтын нэг төрөл болох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зохицуулалтын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хөндсөн;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хэрэгжилт үр дагаврыг үнэлж, Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих эрх нь хяналт-тэнцлийн зарчмыг баримталж буй эсэхэд дүгнэлт өгсөн судалгааны тайлан тус тус багтсан байна.
Судалгааны тайлангийн эмхэтгэл XII ботид:
Өмнө нь төдийлөн судлагдаагүй Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тодорхой асуудлыг хөндөн судалсан. Тухайлбал:
- Зөрчил шалган шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаар судалж шүүхийн практикт үүсэж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлон харьяалан шийдвэрлэх шүүхийн давхардлыг арилгах тухайд саналыг дэвшүүлсэн;
- Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих прокурорын чиг үүргийн эрх зүйн асуудал болоод түүний практик хэрэгжилтийн байдлыг дүгнэсэн;
- Тодорхой төрлийн зөрчлийн хэргийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг судалсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоотой холбон хэрэгжилтийг үнэлж, цаашид эрх зүйн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарах нь зүйтэй хэмээн үзсэн;
- Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах сануулах болон торгох шийтгэлийн эрх зүйн зохицуулалтыг гадаад орнуудтай харьцуулан судалж, боловсронгуй болгох тодорхой саналыг дэвшүүлсэн байна.
Эдгээр ботид эмхэтгэсэн судалгаа нь Монгол Улсын нийтийн эрх зүйн болон зөрчлийн эрх зүйн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.