Хуульчдын номын сангийн сан хөмрөг жендэрийн эрх тэгш байдлын талаарх номоор арвижлаа

  • 2023-08-29
  • Ц.Энхжин
  • 642

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх Хуульчдын номын сан нь эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн нийт иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол олгох, тэднийг хөгжүүлэх судалгааны түшиц номын сан юм.

Тиймээс Жендэрийн үндэсний хороо, түүний ажлын албанаас Бүх нийтийн жендэрийн боловсролыг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон төрөөс барьж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг олон нийтэд хүргэх зорилгоор олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд хэвлүүлсэн бүтээлүүдийн дээжийг Хуульчдын номын сангийн сан хөмрөгт хадгалууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэг олгох олон талт бүтээлүүдийг Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөллүүдэд хүлээлгэн өглөө. Тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, доктор Э.Саранцэцэг, Номын сангийн менежер Х.Ариунсүрэн нар жендэрийн талаарх мэдлэг түгээх номоор Хуульчдын номын сангийн сан хөмрөгийг арвижуулсанд талархаж буйгаа илэрхийлэв.

 

Уншигч та бүхэн Хуульчдын номын сангаас дараах бүтээлүүдийг унших боломжтой боллоо.
1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/
2. Жендэрийн нэр томьёо тодорхойлолт, үндсэн ойлголтуудын товч тайлбар толь
3. Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого
4. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс суурь судалгааны тайлан
5. Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ
6. Монгол улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ: 2005 оноос өнөөг хүртэлх ололт амжилт ба сорилт сургамж
7. “Санхүү, бизнесийн боловсрол” гарын авлага
8. Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж.
Хуульчдын номын сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.