Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн“Хуульчдын номын сан”-гийн сан хөмрөгт шинээр номнууд нэмэгдлээ

  • 2021-03-01
  • Ц.Энхжин
  • 289

Д.Зүмбэрэллхам. Төрийн алба: шинэтгэлд шимтэхийн учир /илтгэл, өгүүлэл, ярилцлага, нийтлэл/ Уб., 2020

2020 онд үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойтойгоо золгож байгаа Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл бол төрийн албаны шинэтгэлийн зорилгоор төрийн бодлогын хүрээнд тусгайлан байгуулсан байгууллага билээ.

Төрийн албаны албан тушаалын шатлан дэвших тогтолцоо, түүний шалгуурууд, сул байгаа албан тушаалын чиг үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журам, албан тушаалын тодорхойлолтыг гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон байдлаар нэгдсэн байдлаар баталж мөрдүүлэх, төрийн албан хаагч нэг бүрийн суралцан хөгжих тогтолцоог бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг суурь болгон баримтлах зэрэг зарчмын шинжтэй гол асуудлууд 2017 онд Төрийн албаны хуулийг шинэчлэн найруулахад тусгагдан хэрэгжилтийн шатандаа орсон. Эдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэн зохион байгуулах үйл явц хэрхэн өрнөж ирсэн түүхийн зарим хэсгийг энэ номноос унших, мэдэх боломжтой. Мөн төрийн албаны шинэтгэлийн талаар тавьсан илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, ярилцлага нь  хувь хүний бүтээл гэхээсээ илүү тухайн цаг үеийн үйл явдлыг гэрчлэх баримт  болж байна.

Б.Буянхишиг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй. Уб., 2021

Зохиогч энэхүү бүтээлдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны үндсэн зарчим, дараалал, нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлох, шийдвэр гаргах үйл явц, түүний эрх зүйн үр дагавар, мөн шийдвэрийг хянуулах процессын талаар тусгажээ. Энэ нь зохиогчийн зааж буй материаллаг эрх зүйн хичээлийг процесст хэрхэн хэрэгжих тухай эхлэн суралцагсдад хүргэх энгийн зорилготой ажээ.