Хууль зүйн үндэсний хүрээлэн БНСУ-ын Криминологи, хууль зүйн суурь судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээлээ
- 2025-04-21
- Б.Бат-Эрдэнэ
- 41
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор Х.Эрдэм-Ундрах (Dr.jur.), БНСУ-ын Криминологи, хууль зүйн суурь судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Жён Вүн Сок нар 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.
Талууд санамж бичгийн хүрээнд эрүүгийн эрх зүй, криминологи, хууль зүйн бодлогын чиглэлээр хамтран эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, харьцуулсан болон бодлогын судалгаа хийх, харилцан айлчлал зохион байгуулах, судлаач солилцох, туршлага хуваалцах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.
БНСУ-ын Криминологи, хууль зүйн суурь судалгааны хүрээлэн нь 1989 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Солонгосын эдийн засаг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн гишүүн байгууллага юм. Тус хүрээлэн нь Солонгосын эрүүгийн бодлого, хууль зүйн системийн шинэтгэлд онол, судалгааны түвшинд чухал нөлөө үзүүлдэг, нэр хүндтэй, тэргүүлэх судалгааны байгууллага юм.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар харилцан санал, мэдээлэл солилцох, семинар зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх, айлчлал зохион байгуулах болон бусад хамтарсан үйл ажиллагаа явуулах хэлбэрээр хамтын ажиллагааг өргөжүүлж, сурталчлан таниулах боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм. Цаашид энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрүүгийн болон хууль зүйн бодлого, гэмт явдал судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.