Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнгийн хамтарсан судалгаа амжилттай зохион байгуулагдлаа
- 2025-04-10
- Б.Бат-Эрдэнэ
- 52
Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэн (RTI) хооронд 2021 онд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар Япон Улс анх удаа Монголын эрүүгийн эрх зүйн салбарт хамтран ажиллахаар болсон юм. Үүнээс хойш 5 удаагийн хамтарсан воркшопыг амжилттай зохион байгуулж, 2023 онд анхны хамтарсан судалгааг (Joint study) зохион байгуулсан билээ. Энэ удаа бид хоёр дахь удаагийн хамтарсан судалгааг (Joint study)- 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Япон Улсын Токио болон Фүкүока хотуудад амжилттай зохион байгууллаа.
Тус хамтарсан судалгаанд Хууль зүйн үндэсний хүрээлэнг төлөөлж Захирал, хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах, Цахим мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга С.Билигсайхан болон эрдэм шинжилгээний ахлах ажилтнууд оролцлоо.
Токио хотноо, Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэн (RTI)-ийн байранд “Гэмт хэргийн цагаан номыг боловсруулах үе шат, дараалал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж Судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав. Ингэхдээ “Гэмт хэргийн цагаан ном”-ыг боловсруулах болон судалгааг хэрхэн зохион байгуулдаг, судалгааны сэдвийг сонгох, үр дүнг танилцуулах, нийтэд мэдээлэх сайн туршлагын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Мөн Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэн (RTI)-ийн Сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн хэлтсийн дарга нартай прокурор, дэд прокурор, захиргааны ажилтан, бүртгэлийн ажилтнуудыг хэрхэн үе шаттай, тогтмол чадавхжуулах албан сургалтад хамруулдаг тухай, энэхүү сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулдаг, сургалтын ач холбогдол, агуулгын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Япон Улсын Цахим харилцааны агентлагийнн үйл ажиллагаатай танилцаж “Хууль тогтоомжийн дата хөгжүүлэлт, хууль зүйн үйлчилгээний цахимжилтын талаарх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн төсөл боловсруулах, хуулийн төсөлд иргэд, мэргэжлийн байгууллагын саналыг авах үйл ажиллагааг хэрхэн цахимжуулж буй тухай тус улсын сайн туршлагатай танилцсан юм.
Хамтарсан судалгаа нь мөн Фүкоүка хотноо зохион байгуулагдсан. “Эрүүгийн процесс ажиллагаанд шүүгч, прокурор, өмгөөлөгчийн чиг үүрэг” сэдвээр Фүкүока хотын орон нутгийн шүүх болон прокурорын газар, Фүкүокагийн Өмгөөлөгчдийн холбоонд тус тус танилцуулга, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Ийнхүү Японы эрүүгийн процесс ажиллагаатай газар дээр нь танилцах, судлах боломж олдсон нь энэ удаагийн хамтарсан судалгааны бас нэгэн чухал хэсэг байлаа.
Мөн Япон улсын Эзэн хааны 7 их сургуулийн нэг болох Кюүшүгийн их сургуульд зочилж, тус сургуулийн Ерөнхийлөгч Проф. Ишибаши Тацүро болон албаны бусад хүмүүстэй уулзан тус сургуулийн ирээдүйн хөгжлийн зорилт, түүнтэй холбоотой цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх тухайд санал солилцов. Уулзалтын үеэр ХЗҮХ-ийн Захирал Х.Эрдэм-Ундрах Кюүшүгийн их сургууль нь Монгол Улсын хууль зүйн салбарын хүний нөөцийг мэргэшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцолж, талархал илэрхийлэхийн ялдамд цаашид хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Ишибаши Тацүро энэхүү айлчлал нь Япон Улсын Хууль зүйн яам, Монгол Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Кюүшүгийн их сургууль гэсэн гурван байгууллагын хамтын ажиллагаанд чухал эхлэл болж буйг онцлон тэмдэглээд, үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.
Мөн Кюүшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн Захирал, доктор, профессор Токүмото Минорүгийн “Япон Улсын хуульч бэлтгэх тогтолцоо” сэдэвт илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Улмаар албан уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хамтарсан судалгаа хийх, зочин судлаач солилцох асуудлаар харилцан тохиролцов.
Хамтарсан судалгааны сүүлийн өдөр Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэн (RTI)-ийн Ерөнхийлөгч хатагтай Кана Моримототой албан уулзалт зохион байгуулж, энэ удаагийн хамтарсан судалгааны үйл явц, үр дүнгийн талаар ярилцаж, хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, дараагийн хамтарсан судалгаа, семинарын сэдвийг тохиролцсоноор Япон улсад хийсэн хоёр дахь удаагийн хамтарсан судалгаа өндөрлөсөн юм.
Дашрамд дурдахад, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Сургалт, судалгааны хүрээлэн (RTI)-тэй хамтран зохион байгуулсан өмнөх 5 удаагийн эрдэм шинжилгээний семинарын болон анхны хамтарсан судалгааны илтгэлийг эмхэтгэн Монгол, Англи хэл дээр хэвлүүлж олны хүртээл болгоод байгаа билээ.