ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН БОЛОН ЯПОН УЛСЫН ХУУЛ ЗҮЙН ЯАМНЫ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТАРСАН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 2026-02-04
- Б.Бат-Эрдэнэ
- 16
Өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн (RTI) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй зургаа дахь удаагийн хамтарсан семинар “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдвийн дор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Хууль зүйн үндэсний хүрээлэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнтэй (RTI) хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд тус хоёр байгууллага Монгол Улс болон Япон Улсын эрх зүйн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тасралтгүй ажилласаар ирсэн билээ. Энэ хүрээнд таван удаагийн Эрдэм шинжилгээний семинар (workshop), хоёр удаагийн хамтарсан судалгаа (joint study) зохион байгуулаад байна.
Энэхүү семинарт японы талаас Сургалт судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Рю Хигүчи: “Япон Улсын гэр бүлийн шүүхийн байгууллагын бүтэц ба үйл ажиллагааны байгууллагын онцлог”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол, монгол талаас ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл”-ийн талаар илтгэл танилцуулсан юм.
Зургаа дахь удаагийн энэхүү хамтарсан семинарыг гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо, хамаарах процесс ажиллагааны тухай зохион байгуулж байгаа нь Монгол Улсад энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхлээд буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой болж байгаа тухай оролцогч зочид, судлаачид сайшааж байлаа.
Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт манай улсын шүүх тогтолцоонд нэн тулгамдаж буй асуудал болоод удаж байгаа билээ. Энэ удаагийн семинарын хүрээнд тус асуудлыг шийдвэрлэхэд Япон Улсыг сайн жишиг болно хэмээн үзэж тус улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах ажиллагааны тухай илтгэлийг мөн хэлэлцүүлсэн юм.
Семинарт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү тэргүүтэй алба хаагчид, Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн (RTI)-ийн Олон улсын хамтын ажиллагааны газар (ICD)-ын Захирал ноён Хироюки Ито, тус хүрээлэнгийн профессор Рүи Хигүчи, олон улсын харилцааны мэргэжилтэн Шого Такахаши нар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, ШЕЗ-ын гишүүн С.Энхбаатар болон Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Ханс Зайделийн сан, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн академи зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Сургалт судалгааны хүрээлэнгийн Олон Улсын хамтын ажиллагааны газрын захирал Хироюки Ито семинарыг нээж хэлсэн үгэндээ “Гэр бүлийн шүүх байгуулах шалтгаан нь гэр бүлийн амар тайван байдал, хүүхдийн элэг бүтэн амьдралыг хангах зорилготой” хэмээн онцолсон юм.
Синхрон орчуулагчаар хууль зүйн магистр (LL.M) Б.Лхагважаргал ажиллаа.


