ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
- 2024-11-25
- Б.Бат-Эрдэнэ
- 58
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”-ийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2024.11.20-нд ХЗДХЯ-ны хурлын танхимд боллоо. Тус уралдааныг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Дотоод хэргийн их сургууль хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Дотоод хэргийн их сургуулийн ректор, доктор, профессор, бригадын генерал П.Батбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах болон ХЗДХЯ, түүний харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутнууд оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хэлэхдээ “Энэ жилийн уралдааны “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”-ийн төрөлд ирүүлсэн илтгэл, төслийн тоо нэмэгдэж, бүтээлийн чанар, чансаа сайжирсан байгаагаас энэхүү уралдааны цар хүрээ өргөжиж, эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутны зорилго тавьж бэлтгэн оролцдог, мэдлэг, оюунаа сорьдог томоохон шалгаруулалт болжээ гэж дүгнэж болохоор байна. Энэхүү уралдаанд амжилттай оролцож шилдгээр шалгарч, шагнал, грантаа гардан авахаар ирсэн эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутан та бүхэнд баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.Та бүхэн Монголын ирээдүй, хууль зүйн салбарын шилдэг мэргэжилтнүүд гэдгийг тодотгон хэлье” хэмээв.
Тус уралдаанд “Шилдэг бүтээл”-ийн төрөлд 27 бүтээл, “Оюутны шилдэг илтгэл”-ийн төрөлд 27 илтгэл, “Грант олгох төсөл”-ийн төрөлд 20 төсөл тус тус ирүүлснээс дараах оролцогчдын бүтээл, илтгэл, төслийг шалгаруулсан байна. Үүнд:
ШИЛДЭГ БҮТЭЭЛ:
1-р байрт: МУ-ын гавъяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, доктор, профессор Ш.Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги”
2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрхзүйн тэнхимийн дэд профессор, доктор Б.Буянхишигийн “Иргэний процесс дахь нотолгооны эрх зүй”
3-р байр: Хуульч, өмгөөлөгч Б.Ганболдын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар эрдэм шинжилгээний бүтээл”
Тусгай байр:
-ДХИС-ийн Гадаад хэлний институтын захирал, доктор, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагварагчаа, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хурандаа Б.Цогтбаатар, Удирдлагын академийн Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын багийн ахлах багш, доктор, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэ нарын “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг шалгах арга зүй”,
-ДХИС-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очир, ЭШХ-ийн Гэмт явдал, цагдаа, дотоодын цэрэг судлалын төвийн ахлах ажилтан-багш, доктор, цагдаагийн хошууч В.Амарсанаа нарын “Зөрчлийн эрх зүйн тусгай анги”,
-ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэг, Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор, дэслэгч Б.Одгэрэл нарын “Ар талын хангалтын үндэс” бүтээл тус тус шалгарсан байна.
ШИЛДЭГ ИЛТГЭЛ:
1-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Л.Хоролсүрэн “Монгол Улс дахь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой хууль хэрэглээний асуудал ба эрүүгийн хэргийг нэгтгэх ажиллагааны зорилтыг хангах нь”
2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Э.Хишигсүрэн “Санхүүгийн зардал (зээлийн шимтгэл), түүнийг хэм хэмжээгээр зохицуулахад анхаарах нь”
3-р байр: Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-ШШГАС-ийн 541 дүгээр дамжааны дэд түрүүч Б.Өсөхбаяр “Хоригдлын шашин шүтэх эс шүтэх эрхийн хэрэгжилт, анхаарах асуудал” илтгэл шалгарлаа.
Тусгай байр:
-ДХИС-ийн ЭЗНУС-ийн 241 дүгээр дамжааны оюутан М.Энхням “Монгол Улс дахь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдал, онол практикийн тулгамдаж буй асуудал”,
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан М.Үүрийнтуяа “Эрүүгийн процесс ажиллагаанд хэргийн оролцогчид эвлэрэх, хууль зүйн боломжийг нэмэгдүүлэх тухай”,
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан Т.Эмүжин “Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн гомдлыг Үндсэн Хуулийн Цэц хянан шийдвэрлэх тухай асуудал” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
ГРАНТ ОЛГОХ ТӨСӨЛ:
Суурь судалгааны төсөл: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Б.Оюунжаргалаар ахлуулсан багийн “Цахим арилжааны эрх зүйн зохицуулалтын олон улсын чиг хандлага ба Монгол Улсын баримтлах бодлого”
Хавсарга судалгааны төсөл: ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн ахмад Б.Хулангаар ахлуулсан багийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хийх үнэлгээний аргачлал боловсруулах нь”
Инновацийн төсөл: Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн дарга, докторант, цагдаагийн хошууч Б.Соронзонбаатараар ахлуулсан багийн “Vehicle forensic инфотайнмент системээс тоон ул мөр илрүүлэх арга” төсөл тус, тус шалгарлаа.