Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, грант олгох “Шилдэг төсөл”-ийн шалгаруулалтад оролцохыг урьж байна
- 2022-10-14
- Э.Цэрэндүзээ
- 2,394
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, грант олгох “Шилдэг төсөл”-ийн шалгаруулалтад оролцохыг урьж байна. Шалгаруулалтад хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын эрдэмтэн судлаачид, судлаачдын баг, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, сонсогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ БҮТЭЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нэг.Зорилго:
1.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/133 дугаар тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл, шилдэг илтгэл шалгаруулах, грант олгох журам”-ын дагуу хууль зүйн шинжлэх ухаан болон аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын багш, судлаач, судлаачдын баг, мэргэжлийн холбоодын хийж гүйцэтгэсэн бүтээлийг дэмжин урамшуулахад оршино.
Хоёр.Хамрах хүрээ:
2.1.Хууль зүйн шинжлэх ухаан болон аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаач, мэргэжлийн холбоод дараах төрлийн бүтээлээр оролцох эрхтэй.
2.1.1.сурах бичиг;
2.1.2.гарын авлага;
2.1.3.нэг сэдэвт бүтээл;
2.1.4.дунджаас дээгүүр индекстэй импакт фактор бүхий сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл.
2.2.Багш, судлаачид 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хэвлүүлсэн бүтээлээ дэвшүүлнэ.
Гурав.Бүтээл хүлээн авах:
3.1.Бүтээлийг доор дурдсан материалын хамт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17.30 цаг хүртэл Дотоод хэргийн их сургуульд “Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл шалгаруулалт”-д гэж хаяглан хүргүүлнэ.
3.1.1.бүтээлийн товч танилцуулга;
3.1.2.зохиогчийн товч анкет, бүтээлийн жагсаалт.
3.2.Холбогдох мэдээллийг 88016958 дугаарын утсаар болон daydanermed@uia.gov.mn цахим хаягаар тодруулж болно.
3.3.Шалгаруулалтад ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй.
Дөрөв.Шалгаруулалт:
4.1.Хууль зүйн салбарын нэр хүнд бүхий 7-оос доошгүй эрдэмтдээс бүрдсэн шүүгчдийн багийг Дотоод хэргийн их сургуулийн захирал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын хамтарсан тушаалаар байгуулах ба шүүгчдийн баг ирүүлсэн бүтээлүүдтэй танилцан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны дотор хэлэлцэн, онооны жагсаалтаар шалгаруулна.
4.2.Бүтээлийг дараах үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:
4.1.1.онолын түвшин-25 оноо;
4.1.2.эрдэм шинжилгээний ажлын үнэ цэнэ-25 оноо;
4.1.3.хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй хувь нэмэр-25 оноо;
4.1.4.Эх бичвэр, найруулга зүй, загварын шаардлага хангасан байдал-25 оноо.
4.2.Удирдамжид заасан шаардлагыг бүрэн хангасан бүтээл ирээгүй бол байр эзлүүлэхгүй байж болно.
Тав.Шагнал:
5.1.Шилдэг бүтээлд батламж, дараах мөнгөн шагнал олгоно.
Байр | Тоо | Шагналын дүн, төгрөгөөр |
I | 1 | 15.000.000 ( арван таван сая) |
II
|
1 | 10.000.000 (арван сая) |
III
|
1 | 5.000.000 (таван сая) |
Тусгай байр
|
3 | тус бүр 1.000.000 (нэг сая) |
5.2.Шилдэг бүтээлийн шагналыг “Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний ойн өдөр” буюу шинжлэх ухааны ажилтны өдөр олгож, нийтэд сурталчилна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ИЛТГЭЛ” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нэг.Зорилго
2.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/133 дугаар тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, грант олгох журам”-ын дагуу хууль зүйн шинжлэх ухаан болон аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдсан асуудлыг нээн гаргах, шийдвэрлэхэд чиглэсэн оюутан, сонсогчдын оюуны бүтээлийг дэмжин урамшуулахад оршино.
Хоёр.Ерөнхий сэдэв
1.1.“Хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”
Гурав.Оролцогч
3.1. Хууль зүйн чиглэлээр бакалаврын сургалт эрхэлдэг дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутан, сонсогч оролцох эрхтэй.
Дөрөв.Илтгэл хүлээн авах
4.1.Илтгэлийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17.30 цаг хүртэл mojha_iltgel@nli.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Холбогдох асуудлыг 89283688 дугаарын утсаар холбогдон тодруулж болно.
4.2.Илтгэлийн хэвлэмэл хувилбарыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг илтгэл шалгаруулалт”-д гэж хаяглан шуудангаар ирүүлнэ.
4.3.Илтгэлд зохиогчийн товч анкет, бүтээлийн жагсаалтыг хавсаргана.
Тав.Илтгэлд тавигдах шаардлага
5.1.Агуулгын шаардлага:
-Зарласан ерөнхий сэдвийн хүрээнд бичигдсэн байх;
-Хууль зүйн шинжлэх ухаан болон аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын асуудлыг хамарсан байх;
-Судалгааны тодорхой арга зүй ашигласан байх;
-Урьд нь хэвлэгдээгүй буюу хуралд хэлэлцүүлээгүй байх;
-Шинэлэг санаа дэвшүүлж, эрэл хайгуул хийсэн байх;
-Практик ач холбогдолтой байх;
-Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх.
5.2.Хэлбэрийн шаардлага:
-Илтгэлийн хэмжээ 5-10 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байх;
-Илтгэлийн мөр хоорондын зай single, аrial фонтоор, үсгийн хэмжээ 12 pt-оор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй байх;
-Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, санал, зөвлөмж, эх сурвалжийн жагсаалт, хавсралт хэсгээс бүрдсэн, эрдэм шинжилгээний бүтээлийн нийтлэг стандартын дагуу бичигдсэн байх;
-Илтгэл нь Монгол хэлний зөв бичих дүрмийн болон техникийн алдаагүй байх;
-Илтгэлийн нэр, илтгэгчийн танилцуулга, түлхүүр үг, хураангуйг англи хэлээр орчуулсан байх.
Зургаа.Шалгаруулалт
6.1.Шалгаруулалт хоёр үе шаттай байна.
6.1.1.Ажлын хэсэг ирүүлсэн илтгэлүүдтэй 2022 оны 11 дүгээр сарын 10-ны дотор танилцан, хэлбэрийн шаардлага хангасан илтгэлүүдийг хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулна.
6.1.2.Хууль зүйн салбарын нэр хүнд бүхий 7-оос доошгүй эрдэмтнээс бүрдсэн шүүгчдийн багийг Дотоод хэргийн их сургуулийн захирал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын хамтарсан тушаалаар байгуулах ба шүүгчдийн баг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны дотор агуулгын шаардлага хангасан 20 хүртэл илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлэг явуулж хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулна.
6.1.3.Хэлэлцүүлгээр дараах шалгуур үзүүлэлтээр оноо өгч, онооны нийлбэрээр байр эзлүүлнэ.
– Шинжлэх ухааны үндэслэл–20 оноо
– Шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн байдал–20 оноо
– Практик ач холбогдол – 15 оноо
– Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал -15 оноо
– Судалгааны арга зүй -15 оноо
– Илтгэх ур чадвар– 15 оноо
6.2.Удирдамжид заасан шаардлагыг бүрэн хангасан илтгэл ирээгүй бол байр эзлүүлэхгүй байж болно.
Долоо.Шагнал
7.1. Шилдэг илтгэлд батламж, дараах мөнгөн шагнал олгоно.
Байр | Тоо | Шагналын дүн, төгрөгөөр |
I | 1 | 5.000.000 ( таван сая) |
II
|
1 |
3.000.000 (гурван сая) |
III
|
1 | 2.000.000 (хоёр сая) |
Тусгай байр
|
3 | тус бүр 500.000 (таван зуун мянга) |
7.2.Шагналыг “Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний ойн өдөр” буюу шинжлэх ухааны ажилтны өдөр олгож, нийтэд сурталчилна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ОЛГОХ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нэг.Зорилго
1.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/133 дугаар тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг илтгэл, бүтээл шалгаруулах, грант олгох журам”-ын дагуу хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаач, мэргэжлийн холбоодын судалгаа шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэхэд оршино.
Хоёр. Хамрах хүрээ, төрөл
2.1.Төслийн шалгаруулалтад хууль зүйн шинжлэх ухаан болон аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаач, мэргэжлийн холбоод оролцох эрхтэй.
2.2.Төслийн шалгаруулалт дараах төрлөөр явагдана.
2.2.1.суурь судалгааны төсөл (хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг бий болгоход чиглэсэн судалгаа, туршилтын ажлыг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичиг);
2.2.2.хавсарга судалгааны төсөл (шинэ мэдлэгийг ашиглахад чиглэсэн судалгаа, туршилтын ажлыг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичиг);
2.2.3.инновацийн төсөл (инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичиг).
Гурав.Төсөл хүлээн авах
3.1.Төслийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17.30 цаг хүртэл mojha_grant@nli.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Холбогдох асуудлыг 94976597 дугаарын утсаар холбогдон тодруулж болно.
3.2.Төслийн хэвлэмэл хувилбарыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит грант олгох төсөл шалгаруулалт”-д гэж хаяглан хүргүүлж болно.
Дөрөв.Төслийн баримт бичгийн бүрдэл
4.1.Төслийн баримт бичиг нь дор дурдсан нийтлэг бүрдэлтэй байна:
4.1.1.төслийн нэр, төрөл;
4.1.2.хугацаа (эхлэх, дуусах он, сар);
4.1.3.нийт зардал;
4.1.4.төслийн удирдагчийн овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
4.1.5.оролцогчдын овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
4.1.6.гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
4.1.7.урьдчилсан судалгаа хийгдэж судлагдсан байдал;
4.1.8.эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, шинэлэг, дэвшилттэй тал;
4.1.9.эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
4.1.10.зорилго, зорилт, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө;
4.1.11.өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа, холбогдох бусад материал;
4.1.12.лаборатори, судалгаа, туршилтын бааз.
Тав.Төсөл шалгаруулах
5.1.Шалгаруулалт хоёр үе шаттай байна.
5.1.1.Ажлын хэсэг ирүүлсэн төслүүдтэй 2022 оны 11 дүгээр сарын 05-ны дотор танилцан, бүрдэл хангасан төслүүдийг хоёрдугаар шатны шалгаруулалтад оруулна.
5.1.2.Хууль зүйн салбарын нэр хүнд бүхий 7-оос доошгүй эрдэмтнээс бүрдсэн шүүгчдийн багийг Дотоод хэргийн их сургуулийн захирал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын хамтарсан тушаалаар байгуулах ба шүүгчдийн баг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны дотор шаардлага хангасан төслийн танилцуулгыг сонсож хоёрдугаар шатны шалгаруулалтыг явуулна.
5.1.3.Шүүгчдийн баг төслүүдэд дараах шалгуур үзүүлэлтээр оноо өгч, онооны нийлбэрээр төрөл (суурь судалгааны төсөл, хавсарга судалгааны төсөл, инновацийн төсөл) тус бүрт нэг төсөл шалгаруулна.
– хэрэгцээ, шаардлага, шинэлэг, дэвшилтэй тал-20 оноо;
– нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол-20 оноо;
– тухайн чиглэлээр судалгаа, туршилт хийсэн явц, үр дүн-20 оноо;
– төслийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломж-20 оноо;
– төсөл хэрэгжүүлэх судлаачдын чадавхи, судалгаа-туршилтын бааз-20 оноо.
5.2.Удирдамжид заасан шаардлагыг бүрэн хангасан төсөл ирээгүй бол зарим төрөлд грант олгохгүй байж болно.
Зургаа.Грант олгох
6.1.Шалгарсан төсөлд дараах грант олгоно.
Төслийн төрөл | Тоо | Шагналын дүн, төгрөгөөр |
Суурь судалгааны төсөл | 1 | 10.000.000 (арван сая) |
Хавсарга судалгааны төсөл | 1 | 10.000.000 (арван сая) |
Инновацийн төсөл | 1 | 10.000.000 (арван сая) |
6.2.Грантыг “Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний ойн өдөр” буюу шинжлэх ухааны ажилтны өдөр олгож, нийтэд мэдээлнэ.
Долоо.Төслийн үр дүнг тооцох
7.1.Шалгарсан төслийн удирдагчтай Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, үр дүнг тооцно.
7.2.Төсөл хэрэгжүүлэгч төслийн тайланг эрдэмтэн, судлаачдын дунд танилцуулах, хэлэлцүүлэх ажил зохион байгуулах ба хэлэлцүүлгийн явцад гарсан санал, зөвлөмжийг тайланд тусгаж холбогдох газарт хүлээлгэн өгнө.