Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний  шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төслийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

  • 2022-11-30
  • Э.Цэрэндүзээ
  • 806

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний  шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төслийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Тус уралдааныг Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар 2021 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль хамтран ажиллав.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХ-ийн сайдын зөвлөх, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, МУИС-ийн эмерит профессор, С.Нарангэрэл, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, ХЗДХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, уралдааныг зохион байгуулагч ДХИС, ХЗҮХ-ийн удирдлага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутнууд оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал,  хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, онол, практикт тулгамдсан асуудлыг судалгаанд үндэслэн оновчтой, үр дүнтэй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 онд энэхүү уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Уралдаанд ирүүлж байгаа судалгааны бүтээлүүд салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна” хэмээв.

Тус уралдаанд шилдэг бүтээлийн төрөлд 25, шилдэг илтгэлийн төрөлд 75, грант олгох төсөлд 32, нийт 132 бүтээл ирүүлснээс шилдгүүдээ тодруулсан байна.

ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1 дүгээр байр: Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Д.Булган, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулан нарын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” нэг сэдэвт бүтээл

2 дугаар байр: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганхүрэл, С.Батбаяр, Н.Норовсамбуу, Р.Пүрэвбаатар, доктор Б.Амарсанаа, Г.Давааням нарын “Арилжааны эрх зүй” сурах бичиг

3 дугаар байр: Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин нарын “Гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдлага” сурах бичиг

 Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Ц.Ганболд, Д.Нямдорж нарын “Хил судлал” нэг сэдэвт бүтээл

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк их сургуулийн докторант Д.Түмэндэлгэрийн “Монгол Улсын соёлын өв (палентологийн  олдвор)-ыг хамгаалах эрх зүйн зохицуулалт” сэдэвт импакт фактор бүхий сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл

Б.Буянтөр, Э.Болормаа, Д.Энх-Амгалан, Б.Жавхланцогт, Ч.Наранмөнх, Б.Батхуяг /Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс/ нарын “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтот бүлэгт чиглэсэн гарын авлага” сургалтын гарын авлага

ШИЛДЭГ ИЛТГЭЛ

1 дүгээр байр: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Т.Лхагважаргалын “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хуваарилалтын шударга ёс:Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар”

2 дугаар байр: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Ариунзаяагийн “Үндсэн хуулийн Цэцийн тогтоол болон Улсын Дээд шүүхийн тайлбарын зөрчилдөөн: Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмын мөн чанар” 

3 дугаар байр: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан М.Аминагийн “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтын тулгамдсан асуудал”

Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 2 дугаар дамжааны оюутан С.Энхням, 4 дүгээр дамжааны оюутан Б.Солонго нарын “Эрх зүйн ухамсрыг тодорхойлох замаар хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дээшлүүлэх нь”

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан З.Янжиндуламын “Органик хуулийг Үндсэн хуулиар тусгайлан зохицуулах хэрэгцээ, шаардлага”

Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Билгүүний “Ne bis idem зарчим ба Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт”

ГРАНТ ОЛГОХ ТӨСӨЛ

Суурь судалгааны төсөл: Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхдоржийн “Хууль зүйн статистикийн онол, арга зүй, хэрэглээ”

Хавсарга судалгааны төсөл: Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшингийн “Монгол Улсын гэмт хэргийн эрсдэлийг тодорхойлох математик загвар”

Инновацийн төсөл: Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хурандаа Б.Зулбадрахын “Сумны хонгиог дахин цэнэглэх аргаар сум үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн сумыг буудлагын сургалтад ашиглах”

Та бүхний номын хур бууж, эрдмийн далай бялхах болтугай.