“Хууль тогтоомжийн судалгааны аргачлалын сургагч багш бэлтгэх сургалт” эхэллээ
- 2024-07-22
- Э.Цэрэндүзээ
- 510
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн санаачилгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Хууль тогтоомжийн судалгааны аргачлалын сургагч багш бэлтгэх сургалт” өнөөдөр эхэллээ. Сургалт 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Тус сургалтад ХБНГУ-ын Доод Саксон мужийн Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Фрийдерикэ Витте хичээл зааж байна.
Сургалт “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилнэ.
Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Эрчим хүчний зохицуулах хороо, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нийт 31 хууль зүйн салбарын судлаач, багш, мэргэжилтнүүд хамрагдаж байна.