Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг цахимаар зохион байгууллаа
- 2021-03-26
- Ц.Энхжин
- 1,364
Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.1-т эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхийг нь тасралтгүй бэхжүүлэх талаар тус тус заасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх цуврал сургалтын XX, XXI ээлжийн сургалтыг Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран цахимаар амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн нийт 82 иргэн, албан хаагч хамрагдлаа.
Сургалт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн арга зүйч багш В.Оюун-Эрдэнэ, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны, сахилгын ахлах шинжээч шинжээч Б.Эрдэнэбилэг, Судлаач, сургагч багш Г.Оюунболд, Билиг дээд сургуулийн захирал, Хууль зүйн доктор Б.Өлзийсайхан, УБЕГ-ын Бодлого, төлөвлөлт дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ, Хан голомт консалтингийн захирал, сургагч багш Ц.Азбаяр нар сургалтад хичээл заав.