Япон Улсын Нагоя Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн төлөөлөлтэй уулзлаа
- 2023-03-21
- Ц.Энхжин
- 536
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur), эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Давааням (LL.D) нар Япон Улсын Нагоя Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төв (CALE)-ийн захирал, профессор Масако Мураками, Нагоя Их Сургуулийн профессор Окочи Минори, профессор Фумито Сато нарыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр байгууллага нь 2006 оноос хойш “Эрдмийн солилцооны хэлэлцээр”-ийн хүрээнд идэвхтэй хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цаашид хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн Монгол Улсад хийгдэж буй хувийн эрх зүйн шинэчлэл, тус хүрээлэнгээс хариуцан хөгжүүлж буй Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (www.legalinfo.mn) болон “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, мөн хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог цахимаар хангаж буй “D.parliament” аппликейшний талаар туршлага судаллаа.
Уг Нагоя Их Сургуулийн профессорууд нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хамтран зохион байгуулж буй “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн суурь асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV хуралд оролцох юм.