Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

  • 2024-02-13
  • Ц.Энхжин
  • 1,014

Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран амжилттай зохион байгууллаа.

Уралдааны шалгаруулалтыг доктор, эрдэмтдийн баг явуулж, нийт 11 өгүүлэл ирснээс нэгдсэн дүнгээр Э.Баасандэмбэрэлийн “Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг олон улсын гэрээгээр тайлбарлахтай холбоотой зарим асуудал” сэдэвт өгүүлэл 2023 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарлаа. Мөн түүнчлэн 2-р байрыг Г.Сурахбаяр, Ч.Болормаа нарын “Олон нийтийн оролцоо буюу Нийтийн лиценз (Social license to operate Mining): Монгол Улсын Эрдэс баялгийн эрх зүйн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох нь” өгүүлэл, 3-р байрыг С.Номынбаясгалан, Э.Тамир нарын “Сонгуулийн эрх зүйн антропологи  гэж юу вэ?” гэх сэдэвт өгүүллүүд тус тус эзлэв.

Шалгаруулалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд зохион байгуулсан ба шагналыг Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн Захирал Р.Мухийт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал, тус хүрээлэнгийн Сургалт, судалгааны төвийн Хүний эрх, олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Б.Энх-Амгалан нар гардууллаа.

Энэхүү өгүүллийн уралдааны зорилго нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг дэмжих юм.