🔰“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 2026-07-02
  • Б.Бат-Эрдэнэ
  • 19
Хууль зүйн үндэсний хүрээлэн энэ онд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн захиалгаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх судалгааг гүйцэтгэж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуульчид, судлаачдыг нэгтгэн тус хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, хуулийн хэрэгжилтийн мэдээлэл цуглуулах зорилготой дугуй ширээний хэлэлцүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Хурлын Танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газар, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эдийн засаг хөгжлийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, “Зөв найзууд” ТББ зэрэг 25 байгууллага, алба хаагчдын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны хувьд хэрхэн уялдуулан зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх тухай болон хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох, тэдгээр хүмүүсийн нийгмийн баталгааг хангахад тулгамдаж буй асуудлын талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж харилцан туршлага солилцсон.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн бий болгосон өнөөгийн тогтолцоог амжилттай, үр дүнтэй “ажиллуулах”-д гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлсэн тухай мэдээллийг нэгтгэх, үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бий болгох мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах зохицуулалт шаардлагатай тухайд санал нэгдэж бидний судалгааны ажилд амжилт хүссэн юм.