🔰ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2026-07-01
- Б.Бат-Эрдэнэ
- 18
Хууль зүйн хэлний зөвлөлийн Хоёрдугаар хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд хууль зүйн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тодорхойлох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны А/75 дугаар тушаалаар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталсан.
Тус зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд 10 гишүүн оролцож, зөвлөлийн даргыг нууц санал хураалтаар сонгож, хуралдааны дэг болон 2026-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлав.
Хууль зүйн хэлний зөвлөлийн даргаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү сонгогдож, зөвлөлийн тэмдгийг гардан авлаа.
Мөн хуралдаанаар 2026 оны 11 дүгээр сард Хууль зүйн нэр томьёоны асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж, холбогдох бэлтгэл ажлыг хангах чиглэлээр санал солилцов.





