“МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР” НОМЫГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
- 2022-10-03
- Э.Цэрэндүзээ
- 1,081
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан билээ.
Энэ хуулийн ажлыг хэсгийн гишүүд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тайлбар” ном туурвиж, нийтийн хүртээл болголоо. Бүтээлийг танилцуулах өдөрлөг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд боллоо.
Танилцуулах өдөрлөгийг нээж, Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор Д.Лүндээжанцан, номын редактор Монгол Улсын Сайд, Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар үг хэлэв.
Номын зохиогч болох нэгжийн хуулийн дэд ажлын хэсгийн ахлагч Д.Ганзориг, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн нар тус номыг гаргах болсон үндэслэл, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, цаашид түүнийг дагаж мөрдөхөд өөрчлөгдөх асуудлуудыг хөндөж, санал солилцлоо.
Номын танилцуулах өдөрлөгт номын зохиогч, Монгол Улсын Гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор /PhD/ Х.Эрдэм-Ундрах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /PhD/ С.Сүхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, хууль зүйн их, дээд сургуулиудын төлөөлөл, хуульч, судлаачид зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.