Япон, Монгол, Узбекистан Улсын хамтарсан эрдэм шинжилгээний семинар амжилттай зохион байгуулагдлаа
- 2023-03-10
- Ц.Энхжин
- 802
Хууль зүйн үндэсний хүрээлэн Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн (RTI)-тэй 2021 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гэмт хэргийн статистикийг боловсруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ашиглах нь” сэдэвт Япон, Монгол, Узбекистан Улсын хамтарсан эрдэм шинжилгээний семинар Япон Улсын Хууль зүйн яамны санхүүжилтээр 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 08-ны өдрүүдэд Япон Улсын нийслэл Токио хотноо Сургалт, судалгааны хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус семинарт Монгол Улсын талаас ХЗҮХ-ийн Захирал Х.Эрдэм-Ундрах, Эрдэм шинжилгээний ажилтан Х.Буянбат, Д.Дэмидханд, С.Мягмарсүрэн, О.Энххүслэн нар, Япон Улсын талаас Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Тошинобү Үэтоми, тус хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын (ICD) дарга Шинтаро Найто, орлогч дарга Хироши Сүда, тус хүрээлэнгийн Судалгааны газрын орлогч дарга Кожи Ёшимүра, Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Минако Шожи, Хироки Күнии нар, Узбекистан Улсын талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль сахиулах академийн захирлын үүрэг гүйцэтгэгч Евгений Коленко, тус академийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах, дүн шинжилгээний төвийн тэргүүн Носиржон Аскаров тэргүүтэй баг оролцлоо.
Эхний эгнээнд зүүн гар талаас, Олон улсын хамтын ажиллагааны газрын (ICD) профессор Минако Шожи, тус газрын дарга Шинтаро Найто, Такүшокү их сургуулийн Эмерит профессор Тадаши Морияма, ХЗҮХ-ийн Захирал Х.Эрдэм-Ундрах, Сургалт, судалгааны хүрээлэнгийн (RTI) захирал Тошинобү Үэтоми, БНУУ-ын Хууль сахиулах академийн захирлын үүрэг гүйцэтгэгч Евгений Коленко, Япон Улсын ХЗЯ-ны төлөөлөл
Мөн Такүшокү их сургуулийн Эмерит профессор Тадаши Морияма, Рюкокү их сургуулийн профессор Хамаи Коичи, Үндэсний цагдаагийн академийн профессор Но Такахиро, Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны газрын Ахлах судлаач Жүничи Ишихара, Киото хотын Цагдаагийн газрын Мөрдөн шалгах ажиллагааг дэмжих дүн шинжилгээний төвийн дарга нар оролцогчдод семинарын сэдвийн хүрээнд онол, практик хосолсон сургалтуудыг орсон юм.
Энэхүү хамтарсан семинарын туршид гурван улсын баг өөрийн улсад гэмт хэргийн статистикийг хэрхэн боловсруулж буй, гэмт хэргийн статистикийг ашиглан хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ашиглаж буй тухай, түүний үр дүн, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, баримтлах бодлогын талаар тус тусын илтгэлүүдийг хэлэлцүүлж, харилцан туршлага солилцлоо.
Өмнө нь Хууль зүйн үндэсний хүрээлэн, Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэн хамтран 2021 онд “Япон болон Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо”, 2022 онд “Прокурорын чиг үүрэг, онцлог: Япон болон Монгол Улс“, “Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн процессын ажиллагаа ба эрүүгийн хариуцлага: Япон ба Монгол Улсын харьцуулалт” сэдэвт семинаруудыг амжилттай зохион байгуулж байсан билээ.