Хууль зүйн үндэсний хүрээлэн Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээ хийв

  • 2023-12-07
  • Э.Цэрэндүзээ
  • 433

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  Хууль зүйн судалгааны төвийн Хүний эрх, олон улсын эрх зүйн болон харьцуулсан эрх зүйн секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан, Иргэний эрх зүйн секторын эрдэм шинжилгээний ажилтан Э.Сэлэнгэ нар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд зочилж, хамтын ажиллагааны хэлэлцээ хийв.

Өвөр Монгол Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн талаас захирал, профессор Дин Фэн тэргүүтэй удирдлагын багаас гадна салбар эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хятад, монгол хос хэлтэй багш нарын бүрэлдэхүүн тус уулзалтад байлцлаа. Байгууллагууд өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулан, эрх зүйн судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны хүрээнд хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хэлэлцсэн нь энэ удаагийн уулзалтын үр дүн юм. Тухайлбал, хувийн эрх зүй судлал, арилжаа, худалдааны эрх зүйн хууль тогтоомжийн судалгаа хийж, чанар, үр нөлөөг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага их байгааг чухалчлан тэмдэглэсэн.

/Хууль зүйн үндэсний хүрээлэн, Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн  сургуулийн хамтын ажиллагааны уулзалтад оролцогсдын төлөөлөл/

Талууд хууль тогтоомжийг хятад хэл дээр орчуулж хэвлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж оролцох зэргээр хамтран ажиллаж ирсэн түүхэн ач холбогдлыг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллахаа харилцан илэрхийлсэн болно.

Мөн судлаач Б.Энх-Амгалан, Э.Сэлэнгэ нар Өвөр Монголын Их Сургууль болон тус сургуулийн Хууль зүйн сургуулийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулал, номын сангийн ажил үйлчилгээтэй танилцаж, туршлага солилцов.

/Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Сэлэнгэ, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энх-Амгалан, Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Т.Дайчин нар/