УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Ч.Хосбаярын докторын зэрэг горилсон судалгааны ажлын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
- 2024-06-06
- Ц.Энхжин
- 427
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Ч.Хосбаярын “Авлигын эсрэг олон улсын гэрээг Монгол Ул сын шүүхэд хэрэглэх онол, арга зүйн асуудал” сэдэвт докторын зэрэг горилсон судалгааны ажлын хэлэлцүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/575 дугаар тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн 4.3.6-д зааснаар докторант нь докторын зэрэг горилсон диссертациа тухайн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангах зорилгоор салбарын эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлсэн байхыг шаарддаг болсон.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Баярсайхан, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Г.Банзрагч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор (LL.D) Н.Баярмаа, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Энхболд, Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Р.Оюунбадам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах, Дотоод хэргийн их сургуулийн ШШГАС-ийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Э.Батбаяр, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Орших, тус хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор, доктор, дэд профессор Б.Мөнхдорж, Хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Ц.Мөнхбат, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Түвшинжаргал, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Т.Золбоо болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтнууд, бусад хуульч, судлаачид оролцлоо.
Оролцогчид докторын зэрэг горилсон судалгааны ажлын шинэлэг бөгөөд онол практикын ач холбогдолыг өндрөөр үнэлж, санал, зөвлөмж өгөв.
ХЗҮХ-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах хэлэлцүүлгийг удирдлаа. Тэрээр хэлэлцүүлгийг амжилттай болж өнгөрснийг дурдаад докторант Ч.Хосбаярт докторын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтад нь амжилт хүсэв.