ХЗҮХ-ээс “Мансуурлын эсрэг хамтдаа” аяныг эхлүүлж байна
- 2024-06-10
- Ц.Энхжин
- 522
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 91.2% нь 15-35 насныхан байна
Монгол улсад Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2002 онд хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойших 22 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.
Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль батлагдах үед буюу 2002 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд нийт 2 бүртгэгдэж, шийдвэрлэгдэж байсан бол 2023 онд нийт 435 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн нь сүүлийн 22 жилийн хугацаанд даруй 200 дахин өссөн үзүүлэлт юм.
Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын 41 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон гадаад улсад хорих ял эдэлж байна.
2010 онд Монгол улсыг хар тамхи “дамжин өнгөрүүлэгч” улс гэж НҮБ-аас тодорхойлж байсан. Гэвч үүнээс ердөө 4 жилийн дараа “хэрэглэгч” улсын жагсаалтад орсон төдийгүй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдсээр байгаа нь мансууруулах бодист донтох эмгэгт хүргэх, цаашлаад энэ төрлийн бодисын “эрхшээлд” орж эрүүл мэндээрээ хохирч, амьдралаа үрэх аюул бидний үүдийг тогшиж эхэлсний илрэл юм.
Тухайлбал, сүүлийн 5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1043 гэмт хэрэгт 1673 хүн холбогдон шалгагдсанаас 91.2 хувь нь 15-35 насны хүүхэд, залуучууд байна. Эдгээрээс 58 нь насанд хүрээгүй хүн байна. Хүүхэд болон хөдөлмөрийн насны залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг эзэлж байгаа нь улс орны аюулгүй байдалд хурцаар хөндөгдөх асуудал юм.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнууд хүүхдийг мансууруулах төрлийн бодисоос сэргийлэх, хорт зуршлаас ангид байлгахад анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь аливаа донтох эмгэг нь хувь хүний өвчин гэхээс илүүтэй нийгмийн өвчлөл байдаг. Донтох эмгэгтэй нэг хүний ард гэр бүл, найз нөхөд, хамт олон, цаашлаад нийгэмд сөрөг үр дагавруудыг үүсгэх хүртэл нөлөөтэй. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 10 хүүхэд тутмын 7 нь сониуч зандаа хөтлөгдөн, 10 хүүхэд тутмын 4 нь чөлөөт цаг ихтэй байдаг гэдэг шалтгаантай байна. Гэтэл хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулах эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүдэд энэ төрлийн үнэн зөв мэдээллийг хүргэж, хор уршгийн талаарх мэдээлэлтэй болгож, хэн нэгэнд уруу татагдах, үлгэр дуурайлал авч, сонирхох үйлдлээс нь урьдчилан сэргийлэх, цаашлаад хорт зуршилд автахгүй байх насан туршийн дархлаа суулгах нь чухал.
Донтох эмгэгийн тусламж үйлчилгээний дэлхийн чиг хандлага “Нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ”-нд төвлөрч байна.
Мансууралтай тэмцэхийн тулд мансуурсан этгээдэд шийтгэл оногдуулах арга хэмжээг дангаар авах нь үр нөлөөгүй гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч эмчилгээг хослуулах, нийгмийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцлох болсон. Ингэснээр хар тамхины хэрэглээний дахилтаас сэргийлэх арга хэмжээ илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” судалгааг гүйцэтгэн, олон нийтээр хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд 2024.06.05-2024.06.19-нийг хүртэл “Мансуурлын эсрэг хамтдаа” аянөрнүүлж байна. Тус аяны зорилго нь иргэд, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах, түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг уриалах, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээлэхэд оршиж байна.
Судалгаагаар өсвөр насны хүүхдийн хувьд анги, хамт олон, найз нөхдийн хүрээлэлд эзлэх байр суурь илүү чухал байдаг.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх үндсэн шалтгаан нь сониуч зан, бусдыг даган дуурайх /67.8%/, чөлөөт цаг ихтэй, цагийг зөв боловсон өнгөрөөх газар хомс, /43.2%/, амьдралдаа болон өөртөө сэтгэл хангалуун бус байх /32.7%/, хар тамхины талаар ойлголт, мэдлэггүй байгаа байдал /23.6%/ зэрэг байна.
Хэрэглэсэн тохиолдолд илрэх шинж тэмдэг:
- Хүүхэн хараанд өөрчлөлт орох, нүдний салст бүрхүүл улайх, нүд бүлцийх
- Хоолны дуршил, нойр, биеийн жин өөрчлөгдөх, биеэр идээт үрэвсэл гарч эдгэрэх нь удаашрах
- Танилын хүрээлэл, сонирхол, хувцаслалт, амьдралын хэв маяг, зан араншин огцом өөрчлөгдөх
- Зориулалтын бусаар эм тариа өөртөө тарьсан бол гарын шуунд тарианы сорви үлдэх… гэх зэрэг болно.
Эцэг эхчүүд та бүхэнд
- Хүүхдийнхээ найз нөхдийн хүрээлэл, цахим хэрэглээнд хяналт тавих
- Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сайн мэддэг байх
- Хүүхдийнхээ авьяас, ур чадварыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах
- Хүүхдийнхээ хамгийн сайн найз, итгэлтэй сонсогч нь байх
- Мансуурлын талаар хүүхэдтэйгээ ярилцахаасаа өмнө та өөрөө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар хангалттай сайн мэдлэгтэй болохыг уриалж байна.
МАНСУУРЛЫН ЭСРЭГ ХАМТДАА