Хууль зүйн үндэсний хүрээлэн БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
- 2024-06-14
- Э.Цэрэндүзээ
- 588
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur), БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Дин Пэн нар 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд талууд төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Арга хэмжээнд Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Удирдах албан тушаалтан бэлтгэх коллежийн захирал Дуан Жи Жэн, Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, дэд профессор Жан Хуйчун, Өвөрмонголын их сургуулийн дэд профессор Дай Чин нар болон ХЗҮХ-ийн удирдлагын бүрэлдэхүүн, албан хаагчдын төлөөлөл байлцлаа.
БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль 1957 онд, тус сургуулийн Хууль зүйн сургууль 1981 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 23 салбар сургуульд 83 чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус сургууль нь эрх зүйч, хуульч бэлтгэхээс гадна бодлого боловсруулах ажилд судалгаагаар дэмжлэг үзүүлж, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. 2023 онд БНХАУ-ын “Олон улсын хууль зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах хамтарсан инновацийн бааз” сургуулиудын жагсаалтад багтжээ.
Өвөрмонголын их сургуулийн Хууль зүйн сургуулийн төлөөлөгчид 2024 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллана.